С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын дагуу энэ сарын 23-24-ний өдөр Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган Төрийн ордонд болох гэж байна.
Эхний өдрийн салбар хуралдаануудаар “Хөвсгөл нуурын экосистемийн хамгаалал”, “Хөвсгөл нуурыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх”, “Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал”, “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа” сэдвээр илтгэл сонсох юм. Чуулганы хоёрдахь өдөр дээрх сэдвүүдээр нэгдсэн хуралдаан болж, хэлэлцүүлэг өрнүүлэн зөвлөмж гаргана.
Хөвсгөл нуурыг хамгаалах үүднээс 2022-2024 онд эрэг орчимд нь аялал жуулчлалын зориулалтаар шинээр газар олгохгүй байх, хур хогийг цэвэрлэх, хөрсний бохирдлын эх үүсвэр болсон нүхэн жорлонг устгах, хориглох, живсэн машин, техникийг бүрэн татаж гаргах, Усны чанарын лабораторийг шинэчлэх, Судалгаа-шинжилгээний төв байгуулах, аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг цогц ажил хийхээр төлөвлөж байна. Үндэсний чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хөвсгөл аймгийн ажилтай танилцах үеэрээ “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргасан багийн төлөөлөгчидтэй уулзсан байдаг. Тэрбээр 16 метрийн гүнд байсан 309 тонн жинтэй хөлөг онгоцыг тогтоосон хугацаанд осол авааргүй татаж гаргасан хамт олонд талархал илэрхийлэв. Энэ бол 2024 он гэхэд нуурын ёроолд байгаа 60 орчим машин, техникийг гаргах ажлын эхлэл гэдгийг хэлжбайв. Засгийн газар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор 2019, 2020 онд тогтоол гарган, санхүүжилтийг нь шийдвэрлэсэн юм. 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан БХЯ, БОАЖЯ, ЗХЖШ, ОБЕГ, дээрх байгууллагуудын харьяа ангиуд, ЗТХЯ-ны Далайн захиргааны газар, МХЕГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй хүн, 50 нэгж техник хэрэгслээр татан гаргасан юм.