С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Өвөрхангайд 520 мянган мод тарьж ургуулна
Өвөрхангай аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарьж ургуулна. Үүний 520 мянгыг нь энэ онд тарьж ургуулахаар төлөвлөжээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах” зорилтот жил, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт, аймгийн зөвлөгөөн зохион байгууллаа.
10 жилийн дараа гэхэд төв, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээ 520 га-гаар нэмэгдэж, нэг хүнд ногдох ногоон байгууламж 9-10 м.кв хүрнэ гэж тооцоолж байна. Арвайхээр, Хархорин суманд тус бүр 1.5 сая, бусад 17 сум тус бүр нэг сая мод тарихаар орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж, байгууллагууд хамтын гэрээ байгуулжээ.
зураг
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд авто болон төмөр замын гол шугамыг элсний нүүдлээс хамгаалах, газар тариалангийн бүс нутагт ойн зурвас байгуулах, ажлын байр нэмэгдүүлэх, усжуулалтын системтэй болгох, ургамал хамгааллын бодис, бордоо үйлдвэрлэх зэргээр эдийн засгийн бусад салбартайгаа уялдуулсан цогц ажил хийхээр төлөвлөж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлэв.
Монгол Улс жилд 10 гаруй сая тарьц, суулгац бэлтгэдэг бөгөөд ойрын таван жилд 100 саяд хүргэх зорилт тавьсан. Өвөрхангай аймагт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн мод үржүүлгийн 11 газарт 15 нэр төрлийн 327 мянган орчим тарьц, суулгац байна.
2022-2024 онд шинээр мод үржүүлгийн газар байгуулах, хүчин чадлыг нь өргөтгөх, Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан суманд бүсчилсэн мод үржүүлгийн газар байгуулахаар төлөвлөжээ.
Өвөрхангай аймгийн нийт газар нутгийн 70 шахам хувь нь их, бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн гэсэн судалгаа гарсан байна.