С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Цоохор ирвэс хууль бусаар агнасан этгээдийг илрүүлжээ
Экологийн цагдаагийн албанаас “Эко-2022” нэгдсэн арга хэмжээг энэ оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж буй. Энэ хүрээнд хууль бусаар ан агнасан хэд хэдэн хэргийг илрүүлэн шалгаж эхэлжээ.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Богд сумын зургадугаар баг, “Хайрхан” гэх газраас тус сумын зургадугаар багийн иргэн Ө цоохор ирвэс агнасан гэх мэдээллийн дагуу тус сумын экологийн асуудал хариуцсан алба хаагч шалгажээ. Шалгалтаар иргэн Ө нь ирвэсийн арьсыг бусдад худалдан борлуулах зорилгоор гэрийнхээ үүдний амбаарт хадгалж байсныг илрүүлсэн байна.
Экологийн цагдаагийн албанаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд хууль бусаар ан агнасан тохиолдолд экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нугалан төлүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна.
Хүний буруутай үйл ажиллагаанаас болж ирвэсийн амьдрах орчин жил ирэх бүр хумигдаж, идэш тэжээл нь болдог амьтад цөөрсөөр буй. Монголд ойролцоогоор 1000 орчим ирвэс байдаг гэж судлаачид үздэг. Энэ тоо жилээс жилд цөөрч байгаа учраас манай улс цоохор ирвэсийг 1972 оноос агнахыг хуулиар хориглож, 2012 онд нэн ховор амьтнаар бүртгэн, 2016 онд "Улаан ном"-д оруулсан байдаг. Идэш, тэжээл нь хомсдсоны улмаас цоохор ирвэс төв суурин бараадаж, олны нүдэнд өртсөн тохиолдол ч хэд хэдэн удаа гарсан байна.