С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Динозаврын бүтэн ясыг өндөр үнээр борлуулах гэж байсныг илрүүлжээ
Палеонтологийн олдвор болох динозаврын ясыг хууль бусаар хадгалсан байж болзошгүй этгээдүүдийг илрүүлжээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад “Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс хэсэг бүлэг хүн палеонтологийн олдвор болох динозаврын бүтэн ясыг хууль бусаар хадгалж байгаад Улаанбаатар руу тээвэрлэн авч явсан” тухай тус аймгийн иргэнээс мэдээлэл иржээ.
Үүний дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулахад эрхэлсэн тодорхой ажилгүй, Өмнөговь аймгийн харьяат иргэн Б, М, Ч, Б, Ө нар нь бүлэглэн палеонтологийн олдвор болох динозаврын бүтэн ясыг бусдад өндөр үнээр зарж борлуулах гэж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн таслан зогсоосон байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Уг динозаврын ясанд Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгээр шинжилгээ хийлгэхэд урьдчилсан байдлаар тус олдвор нь хожуу цэрдийн цаг үед амьдарч байсан өвсөн тэжээлт протоцератопс үлэг гүрвэлийн олдвор байж болзошгүй байгаа талаар албаны хүмүүс мэдээлсэн юм.
Одоогоор эцсийн дүгнэлт гараагүй, үргэлжлүүлэн шинжилгээ хийгдэж байна. Энэ төрлийн хэргийг үйлдсэн этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 25.4 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэдэг байна.
Иймд иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж соёлын өвийн олдворын хууль бус үйлдлийн талаарх мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг Цагдаагийн байгууллагаас уриаллаа.