Б.Чойжилсүрэн: Оюуны багтаамж өндөр технологийг хөгжүүлнэ

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүд хамтран Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн үг хэллээ. Тэрбээр төрөөс үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, оюуны багтаамж өндөр технологийг хөгжүүлэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай баримт бичгүүдэд тодорхой бүс нутгуудад үйлдвэрлэл технологийн паркийг байгуулж, хөгжүүлэх талаар заасан байдаг.

Тухайлбал уул, уурхайн ордыг ашиглалтад оруулж өндөр технологийн хүнд үйлдвэрийн парк байгуулах,  малын гаралтай түүхий эд боловсруулах, экспортлох үйлдвэр технологийн парк байгуулах, дагуул хотуудад дэвшилтэт технологи бүхий үйлдвэр технологийн парк байгуулж ажлын байрыг нэмэгдүүлэхээр тус тус тусгасан. Гэвч 2009 онд баталсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Иймээс Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ажиллаж байна гэв.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн танилцуулгыг төсөл санаачлагч УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт танилцуулав. Анх 2003 онд Төрийн бодлого гарч “Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг баталсан.

Ингээд Улсын Их Хурлаас “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг 2009 онд баталсан байдаг. Хууль хэрэгжиж эхлээд 10 гаруй жил өнгөрсөн боловч өнөөг хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа үйлдвэрлэл, технологийн парк байхгүй байгаа нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байна.

Бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа үйлдвэрлэл, технологийн парк байхгүй

 

Улсын Их Хурлын Тамгын газраас Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийсэн. Үнэлгээнд Засгийн газар паркийн үйл ажиллагааг хөгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй, татварын дэмжлэг таатай орчин бүрдээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа хэт богино байгаа нь хөрөнгө оруулах боломжийг удаашруулж байна гэж дүгнэлтээр тодорхой гарсан. Өнөөдрийн байдлаар 11 хуулийн этгээд үйлдвэр, технологийн паркийн тусгай зөвшөөрөл авсан боловч бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа нэг ч парк байхгүй. Иймээс хуулийн төслийг шинэчлэх шаардлага үүссэн гэв.

Шинээр боловсруулж буй шинэчилсэн найруулгын хуулийн төслөөр үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг байгуулах, паркийн зорилго болон төрлийг тогтоох, паркийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, түүнд төрөөс үзүүлэх дэмжлэг, хяналтын тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулахаар ажлын хэсэг ярилцаж, боловсруулж байна гэв. Тухайлбал шинээр үйлдвэрлэл эрхлэгчдийг татвараас  чөлөөлж, эрчим хүч, дулаан газар инженерийн шугам сүлжээ зэргийг төрөөс бүрэн шийдэх,  хямд түүхий эдээ боловсруулан нэмүү өртөг шингээж өндөр үнэтэй экспортлох боломж бүрдүүлэх юм хэмээв.

Үүний дараа Хүнд үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудлууд сэдвээр ХХААХҮ-ийн сайд Г.Ёндон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл тулгамдаж буй асуудлууд сэдвээр ХХААХҮ-ийн З.Мэндсайхан, Барилгын материал үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудлууд сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Илтгэлтэй холбоотойгоор оролцогчид асуулт асууж, санал хэлэв. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал дээр тулгуурлаад бүсүүдийн төвүүд дээр парк байгуулах бодлогоор явж буй энэ үзэл баримтлалд хэвээрээ эсэх, ашигт малтмалын хуультай хэрхэн нийцүүлсэн, хувийн хэвшлийн санаачилгаар байгуулах паркуудыг хэрхэн дэмжих, гадны хөрөнгө оруулалтыг хэрхэн бодлогоор татах, хүний нөөцийн асуудлыг хэрхэн шийдэхээр хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар асууж, тодруулав. 

Хүний нөөц дээр тулгуурласан бодлогыг барьж боловсон хүчнийг тасралтгүй болгох, паркийн санхүүжилт, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, хөрөнгө оруулалт түүний хэлбэрийг тодорхой болгох, паркийн менежментийн асуудал,паркийн үйл ажиллагаанд төрөөс үзүүлэх дэмжлэгүүдийг тодорхой заах зэрэг асуудлаар санал хэлснээр хэлэлцүүлэг өндөрлөв.