С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Прокурор Б.Жаргалсайханыг шалгаж эхэлсэн гэх мэдээллийг няцаав
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай холбоотой мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Эл асуудлаар Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн тодруулга өгчээ.
Тэрбээр "Энэ бол бодит бус, худал ташаа мэдээлэл байна. АТГ-т одоогоор Улсын Ерөнхий прокурортой холбоотой шалгагдаж байгаа асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдсан бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа заавал явагдах ёстой. АТГ-ын хувьд үйлдэл дээр нь бариад шалгахгүй орхисон, орхигдуулсан ямар ч асуудал байхгүй. Түүхэндээ ийм зүйл байгаагүй. Иргэд ямар нэгэн мэдээллийг аливаа хэлбэрээр олон нийтэд мэдээлэхдээ мэдээллийн эх сурвалжийг сайтар нягталж үзэх шаардлагатай байна. Ингээгүйн улмаас нийгэмд шүгэл үлээх бус нөгөө талаараа Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж болзошгүй нөхцөл байдал үүсдэг гэдгийг анхааруулж хэлье" гэжээ.
2019 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокуророор томилсон байдаг.