С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
З.Мэндсайхан: Атрын дөрөвдүгээр аяныг өрнүүлэхээр боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Эрүүл хүнс хөтөлбөрийн хүрээнд Атрын дөрөвдүгээр аяныг өрнүүлэхээр боллоо. Энэ чиглэлд хэд хэдэн чухал шийдвэрийг гаргалаа. Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Монгол Улсын Засгийн газраас хүнсний ногоо тариалагчдад зориулж импортын бүтээгдэхүүний үнийн зөрүүний эрсдэлээс хамгаалах зорилгоор анх удаагаа стандартын шаардлага хангасан ил талбайн таримлын тонн тутамд 100 мянган төгрөгийн татаас өгөхөөр шийдвэрлэлээ.
Хүлэмжийн аж ахуй эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх эрчим хүчний хөнгөлөлтийг уртасгалаа. Тодруулбал, өмнө арваннэгдүгээр сараас тавдугаар сарын 1-ний хооронд 22.00 цагаас өглөөний зургаан цаг хүртэл тарифын хөнгөлөлт үзүүлдэг байсан. Тэгвэл энэ хугацааг аравдугаар сарын 15-аас тавдугаар сарын 1 болгож, хөнгөлөлт үзүүлэх цагийг оройн 18.00 цагаас өглөөний 06 цаг болголоо. Ингэснээр хүлэмжийн тариалан эрхлэгчид үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтой болж байна.
Түүнчлэн, хаврын тариалалтад зориулж улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үнийг 80 хувь хөнгөлж тариалан эрхлэгчдэд олгох тогтоолыг баталаа. Энэ жилийн хаврын тариалалтад зориулж Хөдөө аж ахуйн дэмжих сангаас 13,8 тэрбум төгрөгийн дэмжлэг гаргана. Хаврын тариалалт, намрын ургац хураалтад нийт 22,5 мянган тонн шатахуун шаардлагатай. Хаврын тариалалтад нь зориулж 6,5 тэрбум төгрөгийн шатахууныг 50 хувь урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлттэйгөөр олгоно" гэлээ.