Б.Лхагвасүрэн: Валютын нөөц тэрбум ам.доллараар буурсан

Монголбанкнаас төгрөгийн ханшийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Төлбөрийн тэнцэлтэй холбоотой мэдээлэл өгье. 2021 оны байдлаар төлбөрийн тэнцэл 220 сая ам.долларын алдагдалтай гарсан. 2022 оны эхний гурван сарын байдлаар төлбөрийн тэнцэл алдагдалтай байна. Нэг ёсондоо гаднаас ирэх импорт их, гарах экспорт бага байсан гэсэн үг. Уул уурхайн бүтээгдэхүүн манай улсын эдийн засгийн 92 хувийг бүрдүүлдэг. Зэс, нүүрсний үнэ нэмэгдэж таатай байгаа ч, хөл хорионоос болж экспорт хийж чадахгүй байгаа. Үүнээс шалтгаалж төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч байна. Гэхдээ төв банкнаас ханшийн өсөлт удахгүй тогтворжих боломжтой гэж хэлмээр байна.

Өнгөрсөн оны байдлаар манай улс 8.5 тэрбум ам.долларын орлого олсон. Харин 2022 он гарснаар хэвийн үеээс бууралттай байна. Монголбанкнаас долоо хоног бүрийн 2 болон 4 дэх өдөр вальютын дуудлага худалдаа хийдэг. 2022 оны хоёрдугаар сарын байдлаар инфляц 14 хувьтай гарсан. 

Он гарснаар нөөц тэрбум гаруй ам.доллараар буурсан. Банкууд руу доллар нийлүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар 1.5 тэрбум ам.долларыг нийлүүлсэн байна. Эргээд нийтдээ 500 сая ам.долларыг худалдаж авсан байна. Үүнийг экспорт зарсан аж ахуйн нэгжүүдээс авсан. Нөөцөө нэмэгдүүлье гэвэл экспортоо нэмэгдүүлэх ёстой" гэлээ.