Д.Сарангэрэл сайдыг Ж.Амарсанаа халз мэтгэлзээнд дуудлаа

Эрүүл мэндийн Дэд сайд асан Ж.Амарсанаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардсан хоёр дахь жагсаалаа өнөөдөр хийв. Тэрбээр сайд Д.Сарангэрэлийг үүсээд буй нөхцөлтэй холбоотойгоор энэ сарын 6-ны өдөр ТB4 телевизийн байранд 20:00 цагаас халз мэтгэлзээнд дуудаж байгаагаа хэлсэн юм.

Үргэлжлүүлэн “ Өнөөдөр эрүүл мэндийн салбар маш олон үзүүлэлтээр уруудах чиглэлдээ орчихсон байна. Эхний асуудал нь ч намжаагүй байхад саяхан нэгдүгээр төрөхөд хариуцлагагүй байдлаас болж эхийн эндэгдэл гарлаа. Тиймээс тус салбарын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа суларсныг харуулж байна.

Мөн сүрьеэгийн дэгдэлт нь сайд огцрох шалтгаануудын зөвхөн нэг нь юм. Хамгийн гол шалтгаан нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн чиглэлээр авч хэрэгжүүлэх 22 үйл ажиллагаа байдгаас 17 үйл ажиллагаа нь хангалтгүй дүн авсан явдал. Энэ нь эрүүл мэндийн сайд огцрох хангалттай шалтгаан.

Мэтгэлцээнд урьж буй шалтгааны тухайд Д.Сарангэрэл сайд хариуцлагын асуудал яригдахаар хүнийг гүтгээд эхэлдэг. Тиймээс гүтгэсэнтэй нь холбоотойгоор ард иргэдэд тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс маргааш телевизийн халз мэтгэлцээнд урьж байна. Одоо урилгаа гардуулна. Хүлээж авах эсэхийг мэдэхгүй юм” гэв.