Нөөцийн мах худалдаанд гарсан ч махны үнэ өссөөр байна

Малаар баялаг монголчууд бид махныхаа үнийг хүчрэхгүй болоод байгаа. Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа энэ үед махны үнэ ч мөн адил өссөөр байна. Төрөөс махны үнийг барих бодлого байхгүй байгаа нь үүнээс илт харагдаж байгаа юм.  УИХ-ын нэр бүхий гишүүн ч мах тансаг хэрэглээ, их хэмжээгээр идэхээ болих хэрэгтэй гэж хээв нэг хэлж байгаагаас цаашид хэрхэн яаж өсөхийн тааварлах аргагүй юм.

Махыг олон кг-аар авдаг иргэд цөөрч ганц нэг кг болон граммлаж авдаг болсныг худалдагч нар хэлдэг. Энэ ч үнэний ортой байж мэдэх юм. Нөөцийн махыг жил бүр худалдаанд гаргадаг ч амт чанарын хувьд тааруухан яс ихтэй, хэт их хатуу гэж шүүмжлэх хүмүүс нэлээд байдаг. Нөөцөлсөн махаа худалдаанд гаргасан ч махны үнэ буурсангүй. Бүр ч эсрэгээрээ өссөн байна. Тухайлбал, ямааны ястай махны үнэ 37.5 хувь, адууны ястай махны үнэ 36.7 хувь, үхрийн ястай махны үнэ 23.0 хувь, үхрийн цул махны үнэ 21.0 хувь, хонины ястай махны үнэ 19.7 хувиар  өссөн байна. Өнгөрсөн сарын 29-ны байдлаар  1 кг үхрийн цул мах 14283 төгрөг, үхрийн /ястай/ мах 11850 төгрөг, хонины /ястай/ мах дунджаар 10422 төгрөг, адууны /ястай/  мах 9188 төгрөг, ямааны /ястай/ мах 8800 төгрөгийн үнэтэй байна.