Я.Содбаатар: Баяр ёслолд өндөр хатуулагтай согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Засгийн газарт чиглэл өгөх" тухай зарлиг гаргажээ. Энэ талаар Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр "“Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, ард иргэдийн архины хэрэглээний түвшинг аваад үзвэл өндөр хатуулагтай спиртийн агууламж бүхий архи, согтууруулах ундааны хэрэглээ өндөр, үүнийг дагаад үүсэж буй гэмт хэрэг, эрүүл мэнд, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг сөрөг үр дагавар маш их байна. Дэлхийн олон оронд өндөр хатуулагтай архи, согтууруулах ундааны хатуулгийг үе шаттай бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тиймээс бид архины хатуулгийг үе шаттай бууруулах бодлого хэрэгжүүлж, архины зөв, зохистой хэрэглээг төлөвшүүлнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр 40 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны онцгой албан татвар 15,660 төгрөг байгаа. Үүнийг өөрчилж, 36 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны онцгой албан татвар 15,660 төгрөг болно гэсэн үг. Ингээд 10 жилийн хугацаанд жил бүр хоёр хувиар бууруулах юм. УИХ-ын хаврын чуулганаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хуульд шинэчилсэн найруулгаар өөрчлөлт оруулж, зарлигийн заалтуудыг тусгана.

Үүнд:

  • Архи, согтууруулах ундааны Онцгой албан татварын орлогоос эрүүл мэндийн салбарт зарцуулна.
  • Албан ёсны баяр, томоохон арга хэмжээний үйл ажиллагаанд өндөр хатуулагтай, этилийн спирт агуулсан бүтээгдэхүүнийг бүрмөсөн хориглох зэрэг зохицуулалтыг хэрэгжүүлнэ.
  • 36 ба түүнээс дээш градустай согтууруулах ундааны Онцгой албан татварыг нэмэгдүүлнэ гэлээ.

Зарлигт:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:

Нэг. Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор “Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг хангах үүднээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай:

Архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд бодлогын болон эрх зүйн өөрчлөлт хийх;

Онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хатуулгийг 10 жилийн хугацаанд жил бүр 2 хувиар бууруулах бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх;

Архи, согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос хавдрын эмнэлэг, донтох өвчнийг эмчлэх төв болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулах, архи, согтууруулах ундааны хор уршгийг нийгэмд сурталчлан таниулж, соён гэгээрүүлэх чиглэлд зарцуулах;

Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулж буй албан ёсны баяр, ёслолын арга хэмжээ, хүлээн авалтад өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхийг бүрмөсөн хориглох;

“Халамжаас хөдөлмөрт” шилжих суурь шинэтгэлийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

Архи, согтууруулах ундааны хууль бус үйлдвэрлэл, борлуулалттай тэмцэх арга, хэлбэрийг боловсронгуй болгох, цахим техник, технологид суурилсан хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнд оногдуулах эрүүгийн болон зөрчлийн ял, шийтгэлийн бодлогод өөрчлөлт оруулах;

Хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт архи, согтууруулах ундаа, түүнээс үүдэн гарах хор уршиг, сөрөг нөлөөг сурталчлан таниулах агуулгыг тусгах;

Иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудыг дэмжин хамтран ажиллах;

Согтууруулах ундааны шошгон дээр согтууруулах ундааны хор уршиг, сөрөг нөлөөний талаарх анхааруулга, санамж байршуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх.

Хоёр. Нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага архи, согтууруулах ундааны хэрэглээ, түүнээс үүдэлтэй эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг бууруулахад санаачилгатай оролцох, баяр ёслол, тэмдэглэлт өдөр, ажлын байранд өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг уриалсугай.

 

Гурав. Энэхүү зарлигийн хэрэгжилтийн явцыг олон нийтэд цаг тухай бүр мэдээлж, тайлан мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр ирүүлж байхыг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т  чиглэл болгосугай” гэжээ.