“Монгол үндэстний байгаль орчноо хамгаалах өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болов

ХБНГУ-ын Бавари мужийн нийслэл Мюнхен хотноо “Монгол Улсын хөгжлийн гарц, шийдэл II”, “Монгол үндэстний байгаль орчноо хамгаалах өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, илтгэлийн уралдаан боллоо.

Хурлыг ХБНГУ гэлтгүй Европын Холбооны улсад сурч, ажиллаж байгаа залуусын академик оролцоог дэмжих, дэвшилтэт шинэ санаачилга, технологийг  Монгол Улсад нэвтрүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын залуучуудын холбооны ХБНГУ дахь салбар зөвлөл, Хансс-Зайделийн сан, Бавари мужийн “Отгонбаяр консалтинг сервис” ХХК хамтран хоёр дахь удаагаа зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуралд оролцогсдод дэвшүүлсэн мэндчилгээндээ хөгжлийн төлөөх оюун санааны эв нэгдэл, төвлөрлийг бүрдүүлэхдээ хилийн чанадад оршин суугаа эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, түүчээлэн  манлайлагчдаа зайнаас татан оролцуулж, хил хязгааргүй оюуны дэд бүтэц үүсгэх санаачилгыг дэмжиж, эх орныхоо хөгжлийн төлөө хамтран ажиллахыг уриаллаа.

Мөн энэ хурлаар монголчуудын байгаль хамгаалах уламжлалт өв соёлыг орчин үеийн технологи, инновацтай хослуулан хүрээлэн буй орчны асуудлыг бодитоор шийдвэрлэх, бүтээлч шийдлийг шалгаруулж байгааг тэмдэглэж, амжилт хүсэв.

Хурлаар

“Хиймэл дагуулын мэдээнд тулгуурлан бэлчээрийн төлөв байдлыг хянах аппликэйшн боловсруулан бэлчээрийн доройтлыг бууруулах”,

“Байгальд ээлтэй амины орон сууцны архитектур төлөвлөлт”,

“Улаанбаатар хотын замын түгжрэлийг арилгах шийдэл:Трамвай”,

“Зэс, алтны баяжмалыг байгальд ээлтэй технологи ашиглан боловсруулах нь” зэрэг сэдвээр монгол иргэд илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Шүүгчдийн бүрэлдэхүүн:

–Судалгааны зорилго;

–Судалгааны арга зүй;

–Сэдвийн үндэслэл;

–Сэдэв судлагдсан байдал, статистик үзүүлэлт;

–Илтгэх илтгэх ур чадвар;

–Судалгааны үр дүн, ач холбогдол;

–Шийдлийн гарц, арга зам;

–Санхүү, эдийн засгийн тооцоо гэсэн үзүүлэлтийг харгалзан шилдгүүдийг тодрууллаа.

“Байгальд ээлтэй амины орон сууцны архитектур төлөвлөлт” илтгэлээр тэргүүн байр эзэлсэн Б.Энх-Амгаланд Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал гурван сая төгрөг, батламж гардууллаа. Мөн “Үйлсийн зам” ХХК 1,000 еврогийн шагнал өгөв.

Докторант Т.Пүрэв-Очирын “Зэс, алтны баяжмалыг байгальд ээлтэй технологи ашиглан боловсруулах нь” илтгэлийг дэд байрт шалгаруулж “МИАТ” ТӨХК  Франкфурт-Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэгийн тийзээр урамшуулав.

Удаах байрт Л.Тэмүүлийн “Улаанбаатар хотын замын түгжрэлийг арилгах шийдэл:Трамвай” илтгэл шалгарч “Евро Мон АБ” нэрэмжит 500 еврогийн шагнал хүртлээ.

Шилдэг бүтээлүүдийг амьдралд хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар,  Хансс-Зайделийн сан хамтран ажиллах юм.

Эрдэм шинжилгээний бага хурлыг “Үйлсийн зам” ХХК, “МИАТ” ТӨХК, “Евро Мон АБ”, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам, “Silkroad GmbH”, “Network Mongolia”, “Globus Podcast” компани дэмжиж оролцлоо.

Цаашид хурлын цар хүрээг өргөтгөн Бавари мужийн форум хэлбэрээр жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.