Ж.Дамдинцэрэн: Сахилгын шийтгэлээр ажлаас халж байгаад харамсаж байна

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан захирамж гаргаж харьяа агентлаг Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэхүү үндэслэлээ төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримтлах, нэр хүндийг эрхэмлэх нийтлэг үүргээ биелүүлээгүй, хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ хэрэгжүүлж ажилаагүй гэж үзжээ. Хотын даргын энэхүү захирамжтай холбогдуулж Ж.Дамдинцэрэн өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр “Өнөөдрийг хүртэл Төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, өгсөн үүрэг даалгавар, төлөвлөсөн ажлуудаа цаг тухай бүрт нь хийн гүйцэтгэж, Нийслэлийн Соёл, урлагийн газар нь нутаг дэвсгэрийнхээ хэм хэмжээнд тодорхой бодлого гаргахад нөлөөлдөг, мөн хэрэгжүүлдэг байгууллага байлгахын төлөө ирсэн намайг сахилгын шийтгэлээр ажлаас халж байгаад харамсаж байна. Сандал суудал, албан тушаалдаа хорогдоод байгаадаа огт биш! Төрийн албан хаагчдын эрх ашиг гэж байхаа больсон, утгаа алдсаныг харуулж байгаа юм. Энэ хугацаанд хүнийг яаж харлуулж болдог, яаж гүтгэж болдог, яаж доромжилж болдог гэдгийг өөрийн биe дээр мэдэрлээ. Хэсэг бүлэг хүний эрх ашиг, хувийн сонирхол, худал гүтгэлэг, цуурхал, явуулгаар халагдаж байгаа тул шүүхэд хандаж, үнэн мөнийг нь тогтоолгож, эрхээ хамгаалж, нэр төрөө сэргээлгэх болно” гэжээ.