Төмөр замын бүтээн байгуултад оролцох иргэдийг бүртгэнэ

ЗХЖШ, нийслэлийн Цэргийн штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Зэвсэгт хүчнийхэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 419 км төмөр замын далан барих ажлыг хийж байгаа.  Мөн төмөр замын бүтээн байгуулалтад иргэдийг оролцуулахаар болж, нийт 16 чиглэлийн мэргэжлээр иргэдийг бүртгэх гэнэ. Бүртгэл ирэх даваа гаригаас эхлэх бөгөөд  дүүргүүдийн цэргийн штабт энэ сарын 15-ныг хүртэл явагдах аж.  Ажиллахыг хүссэн иргэдийн хувьд нас харгалзахгүй юм байна. Харин мэргэжлийн диплом, гэрчилгээтэй байхаас гадна эрүүл мэндийн шаардлага хангасан байх ёстой гэнэ.

Төмөр замын бүтээн байгуулалтад замын инженер, гүүр хоолойн инженер, тоо хэмжээний инженер, геодиз хэмжилтийн инженер, материал чанарын инженер, хөрсний шинжээч гэсэн мэргэжилтнүүдийг ажилд авна. Мөн том оврын машины жолооч, замын машины оператор, эксковаторчин, индүүчин, өөрөө буулгагч машины жолооч, кранчин зэрэг ажлын байранд мэргэжлийн хүмүүсийг ажилд авах аж.