С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
У.Хүрэлсүх : Шударга ёсыг тогтоогч нь төрийн албан хаагчид
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарын албаны хүмүүс дүүргийн төрийн албан хаагчидтай уулзлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх төрийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдад хандан “Төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, сахилга бат, дэг журмыг чандлан сахин, эрхэлсэн ажилдаа сэтгэл, зүтгэлтэй ажиллахыг хүслээ. Мөн “Төрийн албан хаагчийн нэрийг барьж элдэв ёс зүйгүй үйлдэл гаргадаг байдал их болсон энэ үед дор бүрнээ үүрэг хариуцлагаа ухамсарлан, бүтээлч, ёс суртахуунтай байж иргэдээ дээдлэн ажиллаарай. Шударга ёсыг тогтоогчид нь төрийн албан хаагчид бид өөрсдөө юм шүү” гэдгийг онцолж хэлэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Төрийн албан хаагчид та бүхэн бол төр, иргэн хоёрыг холбосон гүүр гэдгээ санаж хариуцлагатай, санаачлагатай, үр дүнтэй ажиллах хэрэгтэй. Нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэдийнхээ оролцоог хангах ёстой. Иргэд оршин суугчид маань хариуцлагатай байх ёстой. Төрийн албан хаагчид бид өөрсдөө шударга хариуцлагатай ёс зүйтэй, ажлын бүтээмж өндөр, нээлттэй хурдан шуурхай ажиллах хэрэгтэй. Нийслэлийн удирдлагуудын зүгээс дүүрэг хорооны засаг дарга нар тэр тусмаа төрийн албан хаагч бүрийг иргэдийнхээ дунд орж ажиллахыг уриалж байна. Ингэснээр асуудал бүрийг газар дээр нь шийдвэрлэх, төрийн алба ахицтай урагшлах болно” хэмээлээ. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагуудаас Налайх дүүргийн төрийн албан хаагчид асуулт асууж нээлттэй ярилцав.
Монгол-Германы хамтарсан ашигт малтмалын технологийн их сургуулиар зочлов
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар Налайх дүүрэгт байрлах Монгол-Германы хамтарсан ашигт малтмалын технологийн их сургуулиар зочиллоо.
Тус сургууль нь 2013 онд хоёр улсын засгийн газрын санаачилгаар үүсгэн байгуулагдсан байна. Монгол-Германы хамтарсан ашигт малтмалын технологийн их сургууль нь олон улсын сургалтын хөтөлбөрөөр боловсон хүчин бэлтгэхээс гадна шинжлэх ухааны судалгааны томоохон төсөл, хөтөлбөрүүдэд оролцох, гадны улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгааг сургуулийн захирал доктор Н.Дорждэрэм онцоллоо. Хотын Захирагч С.Амарсайхан сургуулийн хамт олонд хандан монгол хүний авъяас чадварыг дэлхийн тавцанд гаргахад гүүр болж буй багш сурган хүмүүжүүлэгч нарт талархаж байгаагаа илэрхийлээд нийслэлийн удирдлагуудын зүгээс хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дуулгав.
МГТИС нь Германы Фрайберг болон Аахены технологийн их сургуулиудтай түншлэн ажилладаг бөгөөд германы шилдэг багш, профессорууд урт богино хугацаагаар ирж ажиллан оюутнуудад нь хичээл заадаг юм байна. Тус сургуулийн хэтийн зорилго нь Монгол ухаантай-Герман мэдлэгтэй дэлхийн түвшний инженерүүдийг эх орондоо бэлтгэх улмаар Азийн бүс нутагтаа “Хэрэглээний судалгааны төв” болоход оршдог юм байна.
Үүний дараагаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон Налайх дүүргийн засаг дарга Раднаабазар нар “Голомт” цогцолбор сургууль, “Хос Уянга” дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцан, ажилтан, албан хаагчидтай уулзаж, тэдний ажлын нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр ирэх жил 960 хүүхдийн суудалтай “Голомт” цогцолбор сургуулийн шинэ барилгыг ирэх жилийн нийслэлийн төсвийн хүрээнд шийдвэрлэж өгөхөөр боллоо.
Ерөнхий сайд тэргүүтэй албаны хүмүүс Налайх дүүргийн иргэдтэй Соёлын ордонд уулзаж, тэдний санал хүсэлтийг сонссон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Налайх дүүргийн иргэдтэй уулзах үеэрээ "Нийслэлийн удирдлагуудын зүгээс баримталж байгаа бодлого шийдлийн хүрээнд шат шатны төрийн албаны нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг ил тод түргэн шуурхай болгох тэр хүрээнд төрийн үйлчилгээг хороонд хүргэх ажлууд хийгдэж байна.Энэ жилдээ багтаад иргэд оршин суугчид хорооноосоо хурууны хээгээр төрийн үйлчилгээг авдаг болно. Мөн нийслэлийн төсвийг хянах боломжийг нээж өглөө. Иргэдийнхээ дуу хоолойг сонсох асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэж өгөх үүднээс нийслэлийн засаг даргын явуулын оффис ажиллаж эхэллээ” хэмээсэн юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс