Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
"Жаахан шаргын нутагт" бүтээлийг сэргээн засварлаж дуусчээ
Монголын дүрслэх урлагийн сор бүтээл, ардын зураач Д.Амгалангийн "Жаахан шаргын нутагт" /1965 он/ уран зураг Монголын уран зургийн галерейн "Урлагийн бүтээл үрчлүүлэх" хөтөлбөрийн хүрээнд сэргээн засварлагдаж, үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо. Социалист бүтээн байгуулалтын үе болон Соёлын хувьсгалын нийгэмд үзүүлэх ач холбогдлыг монгол ахуй, төрхтэй нягт хослуулан бүтээсэн "Жаахан шаргын нутагт" уран зургийн бүтээл хэд хэдэн газраа цоорч, будаг халцарч, олон жилийн тоос тортогт дарагдсан байсныг "Урлагийн бүтээл үрчлүүлэх" хөтөлбөрийн хүрээнд сэргээсэн юм. Дүрслэх урлагт хайртай нэгэн үзэгч сэргээн засварлах зардлыг хандивласнаар 2021 оны арваннэгдүгээр сард Соёлын өвийн үндэсний төвд хүлээлгэн өгч, мэргэжлийн сэргээн засварлагчдаар сэргээн засварлуулан өчигдөр /2022.04.26/ Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгт эргэн ирлээ.
Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт данстай "Жаахан шаргын нутагт" уран зургийн бүтээл 1986 оноос хойш Их тэнгэр цогцолборт нэр бүхий 17 зургийн хамт байршиж байсныг Монголын уран зургийн галерей өнгөрөгч 2020 онд алтан сан хөмрөгтөө эргүүлэн авч тэдгээр бүтээлийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, сэргээн засварлуулах арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлж байна. Дашрамд дурдахад, Монголын уран зургийн галерейд "Ардын зураач", "Оны шилдэг бүтээл", "Бар зураг", "Хөрөг зураг" цуврал-I сэдэвчилсэн үзэсгэлэнгүүд болон З.К.Церетелийн "Далд шидэт реализм" график зургийн түр үзэсгэлэн тус тус гарч байна.