Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Сарлагийн хөөвөр, торомны ноосны чанараас хамаарч урамшуулал олгох асуудлыг судална
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ноос, ноолуур, арьс ширтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийжээ.
Тэрбээр, “Төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолд ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийн салбарт 200.0 тэрбум төгрөгийн 1 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр олгохоор шийдвэрлэсэн.
Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор арилжааны зургаан банктай гэрээ байгуулан хамтран ажилласнаар ноолуурын салбарт 38 аж ахуйн нэгжид 94.8 тэрбум, ноосны салбарт дөрвөн аж ахуйн нэгжид 3.2 тэрбум төгрөгийн зээл олгогдож, зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 7.65 хувиар тооцон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас 2021 онд 3.2 тэрбум, 2022 оны эхний 3 сарын байдлаар 1.6 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад шилжүүлээд байна.
Үндэсний үйлдвэрлэгчид 2021 онд нийт 2660 тн ноолуур бэлтгэснээс хөнгөлөлттэй зээлд хамрагдсан 38 аж ахуйн нэгж өөрийн хөрөнгө болон 94.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр 1064 тн ноолуур бэлтгэсэн.
Статистикийн мэдээгээр ноос, ноолуурын салбарын нийт экспорт 2021 онд 368.5 сая ам.доллар болж, 2020 онтой харьцуулахад 33 хувиар өссөний дотор самнасан ноолуур болон бэлэн бүтээгдэхүүний экспорт тус тус нэмэгдсэн байна. Зээлд хамрагдсан 42 аж ахуйн нэгж нь 3271 ажлын байрыг хадгалж, 41 ажлын байрыг шинээр бий болгосон зэрэг нь зээлийн үр дүнг эерэг байгааг харуулж байна хэмээн мэдээлэв.
Монгол Улсын Засгийн газраас 2022 онд ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөг, ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум, арьс шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, улсын төсвөөс 10.65 хувийн хүүгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр арилжааны банкны эх үүсвэрээр олгохоор шийдвэрлэсэн.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам болон Монгол банкны хооронд 3 талт “Хөдөө аж ахуйн зээлийн хүүгийн дэмжлэгийн санхүүжилтийн гэрээ”, арилжааны 8 банктай “Зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээ”-г тус тус байгуулан аж ахуйн нэгжүүдэд зээл олгох ажлыг эхлүүлээд байна гэлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ын төслийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, түүнийг даган гарсан “Техникийн зохицуулалт боловсруулах заавар”, бусад дүрэм, журамд нийцүүлэн боловсруулж, тус хуульд заасан үүргийн дагуу Дэлхийн худалдааны байгууллагад мэдэгдэж, гишүүн орнуудаас ямар нэгэн санал, шүүмж ирүүлээгүй гэж мэдээлсэн.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс ноос, ноолуурын салбарыг үе шаттай хөгжүүлэх зорилгоор 2023 оноос ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг батлан мөрдүүлэх, угаасан ноолуурын экспортыг зогсоох, ноолуурыг бүрэн самнаж боловсруулах, дараагийн шатанд ээрэх, нэхэх үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа аж.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг асуудалтай холбогдуулан боловсруулсан Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Тогтоолын төсөлд ноолуур боловсруулалтын түвшнийг үе шаттай нэмэгдүүлж, 2023 оноос эхлэн хялгас ялгаснаас дээших түвшинд боловсруулалт хийсэн чанар, стандартын шаардлага хангасан ноолуурыг экспортлох, эдгээртэй холбогдох үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталж мөрдүүлэх, хялгас ялгах болон түүнээс дээш түвшинд боловсруулалт хийх зориулалттай тоног төхөөрөмжийг импортын нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөхтэй холбогдох хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хурлын намрын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгахаар тусгажээ.
Мөн хялгас ялгасан ноос, ноолуур, хөөвөр, ээрмэл утас болон эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зориулан хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг жил бүр бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж боловсруулах үйлдвэрт тушаасан сарлагийн хөөвөр, торомны ноосны чанараас хамааруулан мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр судалж, Улсын Их Хуралд холбогдох шийдвэрийн төслийг өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх асуудлыг тусгасан байна.