С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
У.Хүрэлсүх: Эмнэлгийн удирдлагууд санаачилгатай, хурдтай ажиллах шаардлагатай
“Сувилагчид ээлтэй Монгол-2022” сэдэвт сувилахуйн үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Энэ салбарт ажилладаг 13 мянга гаруй сувилагчийн төлөөлөл болох 800 гаруй хүн энэ чуулганд оролцож ололт амжилт, хүндрэл бэрхшээл, цаашдын зорилт зэргээ хэлэлцэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний чуулганыг нээж үг хэлэн, Олон улсын сувилагчдын баярын мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сувилахуйн салбарын нийт хамт олон та бүхэнд Олон улсын сувилагчдын баярын өдрийн мэнд хүргэе.
Өнөөдөр дэлхий дахин орчин цагийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Ф.Найтингелийн мэндэлсэн өдөр-Олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдрийн утга учир нь сувилагчдын эрхийг хамгаалах, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулах, сувилагч мэргэжлийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэхэд оршдог юм.
Их жанжин Д.Сүхбаатарын тушаалаар 1921 онд Монгол, Төвөдийн холимог хороо нэртэй эмнэлэг байгуулагдсанаас хойш манай сувилахуйн салбарынхан ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө 101 дэх жилдээ нэр төртэй зүтгэж байна.
Эх орондоо сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хичээл зүтгэл, халуун сэтгэл, хөдөлмөр бүтээлээ зориулсан үе үеийн сувилагч Та бүхний гавьяат үйлсийг түүх гэрчилнэ.
Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын амаргүй хүнд нөхцөлд ард түмний амь нас, аюулгүй байдлын төлөө өөрийн амь нас, эрүүл мэнд, ар гэрээ умартан зүтгэж, ачааны хүндийг үүрсэн энх цагийн эгэл баатрууд Та бүхнээр Монгол төр, ард түмэн бахархаж байна. Цагаан өмсгөлтэй, гэгээн үйлстэй Та бүхэндээ ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Бид аливаа тэмдэглэлт өдрөөр амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн, алс хэтээ төлөвлөн хэлэлцэх учиртай. Манай улсын эрүүл мэндийн салбарт 13 мянга гаруй сувилагч ажилладаг. Бид эмчийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг хэдий ч эмч, сувилагчийн харьцаа 1:1.1 байгаа нь сувилагч хангалтгүй байгааг харуулж байна.
Сувилагчийн тоог нэмэхийн тулд сувилагчаар суралцах оюутны зардлыг төр хариуцаж, бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийн тоо чамлахааргүй хэдий ч сувилагч дутагдсаар байгаа нь хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг нь цогцоор шийдэх шаардлагатай гэсэн үг юм.
Би Засгийн газрыг тэргүүлэх хугацаандаа эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудлын бодлого, эрх зүйн орчныг Та бүхний идэвхтэй оролцоо, өргөн дэмжлэгтэйгээр шинэчлэн шийдвэрлэснийг эргэн санахад таатай байна.
Эрүүл мэндийн, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний болон Эрүүл мэндийн даатгалын тухай хууль зэрэг багц хуульд өөрчлөлт оруулж, тусламж, үйлчилгээ, санхүүжилтийн тогтолцоог үндсээр нь шинэчилсэн.
Чанартай, оновчтой, аюулгүй тусламж, үйлчилгээг ард иргэд харьяалал, өмчийн хэлбэр харгалзахгүй хүртэж, эмнэлгүүдийн бие даасан байдлыг хангаж эхэлснээр чанараар өрсөлдөх, үйлчлүүлэгчээ татах боломж бүрдэх эхлэл болсон юм.
2016 оноос сувилагчдын цалинг хоёр дахин нэмсэн. Эмнэлгийн хагас бие даасан байдлыг хангаж, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж эхэлснээр, тогтмол цалин авах биш, хийснээрээ цалинждаг бодит үр дүн гарсан.
Гэсэн хэдий ч хуулийн хэрэгжилтийг хангахад эрүүл мэндийн салбар, ялангуяа эмнэлгийн удирдлагууд санаачилгатай, хурдтай ажиллах шаардлагатай байна.
Сувилагчийн ажлын ачаалал, мэргэжлийн ур чадвар, тусламжийн нэр төрөл, сувилагчид учирч болох эрсдлийг харгалзан гүйцэтгэлд тулгуурлан цалин, урамшууллаа авдаг, мөн ажлаас халшрах бус урам зориг авдаг, бахархдаг хөшүүрэг болохуйц шинэчлэлийг бүх түвшинд нэн даруй хэрэгжүүлэхийг салбарын удирдлагын баг анхаарах нь зүйтэй.
Эрүүл мэндийн тусламж бол эмч, сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтний багийн үйлчилгээ бөгөөд цаашид сувилан асарч, анагаах, эдгээх үйлчилгээнд шинэ технологи, инновац нэвтрүүлэх, мэргэшсэн сувилахуйн тусламжийг өргөжүүлэхэд Та бүхний хүчин чармайлт, оролцоо нэн чухал юм.
Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэн бэхжүүлэхэд эрхэм хүндэт сувилагч Та бүхний сэтгэл зүтгэл, хандлага, оролцоо юу юунаас чухал гэдгийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.
Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалагч Та бүхний ард түмнээ гэсэн хүнд хэцүү бөгөөд нэр төртэй албыг ямагт мэдэрч, дэмжиж байдаг таны гэр бүл, үр хүүхдүүд, хань ижилд чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье.
Алтан гартаа анагаах увдистай, асрал хайраа ард түмэндээ зориулсан, ачлал энэрлийн бурхан сувилагч Тандаа баярлалаа.
Хүмүүст хүндлэгдэж, тэнгэрт тэтгэгдэж яваарай.