С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Элчин сайд Ө.Батбаяр Мэрилэнд мужийн Амбан захирагчтай уулзав
Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Мэрилэнд мужийн Амбан захирагч Л.Хоган-тай тус мужийн нийслэл Аннаполис хотноо уулзсан байна. Элчин сайд Монгол Улс, Монгол, Америкийн харилцаа, АНУ дахь Монголчууд, ялангуяа нийслэл Вашингтон хот, Мэрилэнд болон Виржиниа дахь бүс нутаг (DMV area)-т төвлөрөн амьдарч буй монгол иргэдийн талаар товч мэдээлэн ярилцжээ.
Мөн Монгол, Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Мэрилэнд мужтай хамтран ажиллах, мэдээллийн технологи, шинжлэх ухаан, технологи, инновац зэрэг тус мужийн амжилттай хөгжиж буй тэргүүлэх чиглэл, салбарт хамтран ажиллах, Монгол, Америкийн харилцан ашигтай худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэх хүрээнд АНУ-д нэмэгдэж буй Монгол бизнес эрхлэгчид болон старт-ап компаниудыг дэмжих зэрэг асуудлыг Элчин сайдын зүгээс хөндөж, санал солилцов.
Мэрилэнд мужийн ДНБ 2020 оны байдлаар 410 гаруй тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд мэдээллийн технологи, харилцаа холбоо, агаар, сансар судлал болон батлан хамгаалахын үйлдвэрлэл зэрэг нь тус мужийн эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг салбарууд юм. Мөн тус муж нь мэргэжлийн боловсон хүчин төвлөрдөг, бэлтгэдгээрээ АНУ-даа тэргүүлэгч мужуудын нэг аж.
Милкен-ий хүрээлэнгийн “State Technology and Science Index” индексээр Мэрилэнд муж нь технологи, шинжлэх ухааны салбарыг хамгийн ихээр хөхиүлэн дэмждгээрээ Массачусеттс, Колорадо, Калифорни мужийн дараа АНУ-ын хэмжээнд 4-рт бичигджээ. Мөн Мэрилэнд мужид технологийн чиглэлд 15 мянга гаруй компани үйл ажиллагаа эрхэлж байна.
Уулзалтаар талууд мөн Мэрилэнд мужийн иргэдийн талаар ярилцахад тус мужийн долоон иргэн бүрийн нэг нь гадаад улсад төрсөн зэргээр хүн ам зүйн бүтэц нь нэлээд олон үндэстнээс бүрдсэнийг Амбан захирагч онцолж байв. Энэ хүрээнд Мэрилэнд муж болон “DMV area” бүс нутагт амьдарч буй монгол иргэдийг дэмжих, тус мужаас илүү ихээр анхаарч ажиллах зэргээр ярилцаж, тохиролцов.