"Иргэд эрүүл, зөв амьдралын хэв маягт хэдийнэ шилжсэн"

Энэ жил нийслэлийн төв талбайд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, UB cup буюу Улаанбаатар хотын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн, Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн тэмцээн гэхчлэн спортын олон тэмцээн, уралдааныг зохион байгуулж байгаа билээ. Энэ нь Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн биеийн тамирыг хөгжүүлж буй төдийгүй спортоор дамжуулан ард иргэдээ эрүүл амьдралын хэв маягт уриалж байгаа хэлбэр юм. Энэ тухайд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө сэтгэгдлээ хуваалцлаа.

-Өнгөрсөн хоёр жилд цар тахлын улмаас спорт өдөрлөг, уралдаан тэмцээн хаалттай байсан. Энэ жилээс уламжлалт тэмцээн уралдаан, шинэлэг зүйлсийг сэргээж байна. Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос л гэхэд Улаанбаатар хотын лиг сагсан бөмбөгийн тэмцээнийг уламжлал ёсоор зохион байгуулж, нийслэлийн 190 сургуулийн 10 мянга гаруй хүүхэд оролцлоо. Мөн Улаанбаатар хотын волейболын тэмцээн, цэцэрлэгийн багачуудын дунд уран гимнастикийн тэмцээн, бүх дүүргийг хамарсан ахмад настнуудын сагс, волейболын тэмцээнийг зохион байгуулсан. Хөл бөмбөгийн нөхөрсөг тэмцээн боллоо. Өнгөрсөн сард чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо болсон. Ирэх зургаадугаар сард жудо бөхийн тэмцээн уралдаан болно. 3х3 сагсан бөмбөгийн тоглолт зургаадугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Тун удахгүй бүх нийтийг хамарсан Улаанбаатар марафон болно. Улаанбаатар марафонд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа.

Ер нь анзаараад байхад иргэд эрүүл, зөв амьдралын хэв маягт хэдийнэ шилжсэн. Энэ хэрээр спорт заал, спорт цогцолбор, төвүүдийн хэрэгцээ Улаанбаатар хотод улам бүр нэмэгдсээр байна. Саяхан Чингэлтэй дүүрэгт спорт цогцолборыг нээлээ. Баянгол дүүрэгт удахгүй ашиглалтад орно. Дүүрэг бүр спорт цогцолбортой болчихвол иргэд бие бялдраа чийрэгжүүлж, эрүүл мэндээ хамгаалах дадалд суралцаж, олонход нь ийм дадал суусан байна гэлээ.

“СПОРТ ХҮНИЙГ ЭРҮҮЛ БАЙЛГАХААС ГАДНА ГОЁ ХАРАГДУУЛДАГ”

Иргэд  нийтийг хамарсан биеийн тамир, спортыг хөгжүүлэхийн ач холбогдлын талаар ийн өгүүлсэн юм.

-Сүүлийн үед л манайд нийтийн биеийн тамир хоцрогдоод байгаа болохоос хамгийн чухал зүйл. Гадаад орнууд, тэр дундаа Европт нас, хүйс харгалзахгүйгээр сагс, хөл бөмбөгийн талбайд өнждөг.

-Спорт амьдралын нэг хэв маяг шүү дээ. Хүнийг эрүүл байлгахаас гадна гоё харагдуулдаг.

-Хүмүүс фэйсбүүкт хүртэл нэгдээд баг болоод ууланд алхаж, спортоор хичээллэж байгаа. Үүнийг маш их дэмждэг. Хөдөлгөөн байхгүй бол амьдрал байхгүй.

-Талбай их гаргаж өгөх хэрэгтэй байгаа. Гэр хорооллуудад хөл бөмбөг, сагсны талбай байгуулж өгөөсэй гэж хүсэж байна...

Улс орон даяар “Илүүдэл жингүй эртэч Монгол” аян өрнөж байгаа. Аяны хүрээнд хоёрдугаар сараас зургаадугаар сарыг хүртэлх хугацаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээний спорт заалууд өглөөний 06:30-07:30 цагт үнэ төлбөргүйгээр иргэдэд үйлчилж байна. Цаашид энэ мэтчилэн иргэдийг спортлог амьдралд уриалсан олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр хотын удирдлагын баг зориод байгаа юм. Түүнчлэн иргэд өөрсдөө эрүүл амьдралын хэв маягийг чухалчилж, дадал болгохыг хичээж байна. Адаглаад л амралтын өдрүүдээр ууланд алхах, гүйх, дугуй унах гэх мэтээр спортоор хичээллэхийг чухалчилдаг болжээ. Тиймээс ч дүүрэг бүрд уулын аяллын маршрут гаргаж, спорт талбайнуудыг бий болгож байгааг энэ удаа онцоллоо. “Иргэн төвтэй Улаанбаатар”-ын нэгэн хэсэг нь нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх ажил юм.