З.Төмөртөмөө: Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, хөгжлийг дэмжихэд анхаарна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөтэй ярилцлаа.

-Маргааш тохиох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярыг тохиолдуулан тантай ярилцаж байна. Нийслэлийн хувьд хүүхдийн эрхийг хамгаалах  ажил ямар түвшинд явна гэж та дүгнэх вэ. Хүүхдүүдэд чиглэсэн ямар ажлууд хийж байна вэ?

-Эрхэм хүндэт хүүхэд багачууддаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсье. Өдгөө нийслэл Улаанбаатар хотод 18 хүртэлх насны 582.860 хүүхэд амьдарч байна. Хүн амын хамгийн чухал бүлэг болох хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, тэдний хэрэгцээнд нийцсэн эрүүл мэнд, боловсрол, хамгааллын үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэхэд хотын удирдлагууд ямагт анхаарч байна. Хотын даргын удирдсан Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийг тогтмол хуралдуулж, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавьж, орон нутгийн зүгээс баримталж буй бодлого, стратеги, төлөвлөгөөндөө тодорхой зорилтуудыг тусган ажиллаж байна. Нийслэлд хотод хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжиж, эцэг эх, иргэд, олон нийтийн оролцоог идэвхжүүлэх, санал санаачилгатай ажиллахыг уриалж, холбогдох байгууллага нэгждээ үүрэг чиглэл өгч хамтран  ажиллаж байна.

-Энэ онд нийслэлд нэг чухал аян өрнөсөн нь  “Нэгдүгээрт шалга” байсан. Энэхүү аяны үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Хотоо хүүхдэд ээлтэй, эрсдэлгүй байлгахад анхаарч, хүүхдийг орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Нэгдүгээрт шалга” арга хэмжээг хүүхдийн гэрийн орчин, сургуулийн орчин, хүүхдийн тоглоомын талбайд гэсэн гурван түвшинд эрсдэлийг шалгаж ажилласан. Энэ аянд нийслэлийн төрийн захиргааны 88 байгууллагын 5012 ажилтан, албан хаагч хамрагдаж, орчныг үнэлэхэд  хүүхдүүд өндрөөс унаж бэртэх эрсдэлтэй 32, тог цахилгаанд цохиулах аюул 14, хүнд зүйлд дарагдаж мэдэх 10, автомашины эрсдэлтэй 9, ухсан нүх, траншейны нүх рүү унаж бэртэж болзошгүй 76 гэх мэт нийт 151 зөрчил илэрсэн. Мөн Тээврийн цагдаагийн алба нийслэлийн ерөнхий боловсролын 86 сургуульд орчны аюулгүй байдлын  үнэлгээ хийж, явган хүний гарцын тэмдэг байхгүй 44, хурд сааруулагч, тэмдэглэгээ байхгүй 32, хүүхэд сургууль орчмын бүсэд автомашины осолд өртөж болох өндөр эрсдэлтэй 86 зөрчлийг илрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд судалгаанд хамрагдсан хүүхдийн тоглоомын 1090 талбайн 85 хувь буюу 927-г нэн тэргүүнд шинэчлэх шаардлагатай байсан. Энэ бүх зөрчлийг нэн даруй арилгуулах, цаашид хүүхдэд ээлтэй, эрсдэлгүй орчинг бий болгох, эрсдэлээс сэргийлэх, хяналтыг сайжруулах ажлыг нийслэлд өрнүүлсэн.   

-Жил бүр хүүхдэд ээлтэй дүүрэг, хороо, байгууллага, хамт олныг шалгаруулдаг. Тэгвэл нийслэл хот хүүхдэд ээлтэй хот болж чадсан уу. Чадаагүй бол хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай гэж бодож байна?

-Бид өнгөрсөн 2021 онд Улаанбаатар хот хүүхдэд ээлтэй эсэхийг тодорхойлох судалгааг есөн дүүргийн 8-17 насны 4094 хүүхдийн  төлөөллөөс  цахимаар авч дүгнэсэн. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 61.9 хувь нь  орон сууцанд,  35.2 хувь нь гэр хороололд амьдардаг. Хүүхдүүдийн үнэлгээгээр:

  • Сурч хөгжих орчин буюу тоглоомын талбай, спорт заалны хүрэлцээ 42 хувь
  • Эрүүл амьдрах орчин буюу хог, хөрс, агаарын бохирдол, ногоон байгууламж 55 хувь
  • Сэтгэл зүйн орчин буюу мансууруулах бодис, хүчирхийлэл, харилцааны асуудал 57  хувь
  • Аюулгүй амьдрах орчин буюу нийтийн тээвэр, хаягжилт, хүүхэд хамгаалал 59 хувь
  • Эдийн засгийн хүрэлцээ 80 хувийн үзүүлэлттэй гарсан.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын хэмжээнд хүүхдэд ээлтэй орчин 59 хувь буюу “Саарал бүс”-д байна гэсэн үг. Энэ нь хүүхдүүдийн хувьд амьдарч буй орчин, нөхцөл нь ээлтэй бус, цаашид анхаарах шаардлагатай байгааг харуулж байна. Тиймээс ч бид энэхүү санал асуулгын үр дүнг сайжруулах, хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ жил “Нэгдүгээрт шалга”, “Анхаарал, хариуцлага, эрсдэлгүй орчин” аянуудыг санаачлан зохион байгуулж байна.

-НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор сар бүрийн сүүлийн ням гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг. Ийн гэр бүлийн өдөр болгосноор ямар үр дүн, өгөөж гарч байна вэ?

-Сар бүр Нийслэл, дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсээс батлагдсан хөтөлбөрийн дагуу хороодод гэр бүлийн хөгжлийг дэмжсэн арга хэмжээг зохион байгуулж хэвшсэн.  2021 онд Гэр бүлийн өдрийг сар бүр зохион байгуулж, гэр бүлийн хөгжлийг дэмжсэн найман цуврал контент, гэрэл зургийн уралдаан, зөвлөгөө, сургалт, захидлын уралдаан, нөлөөллийн ажил, эрдэм шинжилгээний хурал зэрэг 94 төрлийн үйл ажиллагааг цахим болон танхимаар зохион байгуулж, 145.536 иргэнийг хамруулсан. Сар бүр Гэр бүлийн өдрийг тэмдэглэж хэвшсэнээр нийгэмд гарч буй олон сөрөг үзэгдлийг бууруулахаас гадна гэр бүлд нь эерэг, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, бие биеэ  хайрлах, хүндлэх, гэр бүлдээ цаг зав гаргах зэргээр олон нийтэд нөлөөлж байна.

-Нийслэлийн хэмжээнд байгууллага, аж ахуйн нэгжүүд “Эцэг эхийн зөвлөл”  байгуулж,  хүүхдийн өрөө гарган тохижуулах, түүгээрээ дамжуулан хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж байгаа. Энэ ажил ямар хэмжээнд өрнөж байна вэ?

-Энэ маш чухал ажил гэдгийг тодотгоё. Байгууллага, аж ахуйн нэгжүүд “Эцэг эхийн зөвлөл” байгуулж, хүүхдийн өрөө гарган тохижуулах, хүүхдийн сурч боловсрох, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж, гэр бүлд суурилсан хүүхдэд ээлтэй үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж, тухайн жилийн амжилт, ололтыг дүгнэх, урамшуулах сайн туршлагыг олон нийтэд түгээдэг. Нийслэлд 2021 оны байдлаар  төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд Эцэг эхийн 437 зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Байгууллагын дэргэд Эцэг эхийн зөвлөл  ажилласнаар ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах таатай орчин бүрдүүлэх, нийгмийн баталгаа хангах, хүүхдийг аливаа эрсдэлээс сэргийлэх, хүүхдийн хөгжилд чухал үүрэгтэй.

-"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхдийн тоглоомын талбайг угааж цэвэрлэе, засаж сайжруулъя” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Хэчнээн тоглоомын талбайг засварлаж, тохижуулсан бол?

-Хүүхдийн амьдарч байгаа орчин нөхцөлийг сайжруулах, эрсдэлийг бууруулах, өмнө нь илрүүлсэн зөрчлийг арилгуулах зорилгоор “Хүүхдийн тоглоомын талбайг угааж цэвэрлэе, засаж сайжруулъя” нэгдсэн арга хэмжээг тавдугаар сарын 15-31-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд нийслэлийн есөн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, хороод, сууц өмчлөгчдийн холбоод, иргэд олон нийт хамтран 522 тоглоомын талбайг угааж цэвэрлэж, 187 тоглоомын талбайг засаж сайжруулсан.

-Сургуулийн орчныг эрүүл, аюулгүй байлгаж, сурагчид нэгнээ дээрэлхдэггүй байлгах зорилгоор “Би дээрэлхэхгүй” аян зарласан. Аян хэр амжилттай өрнөсөн бэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг үе тэнгийн дарамт шахалтаас урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 45 сургуулийг сонгон, “Би дээрэлхэхгүй” аяныг гурван үе шаттай зохион байгуулсан. Аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 8-11-р ангийн 13.520 сурагч “Үе тэнгийн ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх нь”  сургалтаар хүүхдүүд бие биеэсээ суралцах, цаашид ялгаварлан гадуурхалт, дээрэлхэх байдлаас хэрхэн хамгаалах, бусдад туслах, хэнд, хаашаа хандах зэрэгт суралцаж, харилцан ярилцсан байна. Сургалтад нийт 204 ангийн багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар оролцсон.

-Нийслэлийн дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт аж төрж буй алдартнууд, урлагийн оддоос “Хүүхдийн элч” шалгаруулдаг. Ямар алдартнууд элчээр тодорсон хийгээд тэдний хийж буй ажлын талаар манай уншигчдад танилцуулна уу?

-Хүүхдийн элчээр тухайн орон нутаг, дүүрэгтээ оршин суудаг, хүүхдийн итгэлийг хүлээсэн, хүүхдийн төлөө ажиллах сонирхолтой олны танил, нэр хүндтэй хүнийг хүүхдийн чуулганаас хүүхдүүд өөрсдөө сонгодог. Харьяа дүүргийнхээ хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг холбогдох ажилтан, байгууллагад тавьж шийдвэрлүүлэх үүрэг бүхий “Хүүхдийн элч”-үүд андгайгаа өргөн, Нийслэлийн Засаг даргаас үнэмлэхээ гардан авч есөн дүүрэгт 10 хүүхдийн элч ажиллаж байна. Хүүхдийн элчийг чадваржуулж,  хүүхдийн элч сонсож байна вэб сайт үүсгэн ажилладаг. Сүхбаатар дүүргийн хүүхдүүд Рэппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэгийг “Хүүхдийн элч”-ээр тодруулсан бол  Хан-Уул дүүрэгт дуучин С.Гантогоо, Баянзүрх дүүрэгт контент бүтээгч Э.Дөлгөөн, оюутан А.Амаржин нарыг, Баянгол дүүрэгт жүжигчин Б.Барслхагва, Чингэлтэй дүүрэгт сэтгүүлч Д.Ариундалай, Сонгинохайрхан дүүрэгт тус дүүргийн Засаг дарга  Н.Алтаншагай, Налайх дүүрэгт  Засаг дарга  Ч.Раднаабазар, Багануур дүүрэгт багш Ц.Цогзолмаа, Багахангай дүүрэгт Х.Цогцэцэг нарыг “Хүүхдийн элч”-ээр тодруулсан байдаг.  

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР