С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Онон-Балжийн байгалийн цогцолборыг 38 сая ам.доллараар хөгжүүлнэ
Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолбор газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн хүртээмжтэй хөгжлийг болон байгаль хамгааллын загварыг бий болгох зорилготой 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт Монгол улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк өнөөдөр гарын үсэг зурлаа. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлөн АХБ ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолд Гүйцэтгэх захирал Кшатранати Шиважи тэргүүтэй АХБ-ны Захирлуудын зөвлөлийн гишүүд болон албаны бусад төлөөлөл оролцлоо. Энэхүү төсөл нь дархан цаазтай газрын удирдлагыг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр АХБ-наас Монгол Улсад олгож буй анхны зээлийн санхүүжилт болсон гэдгээрээ ихээхэн онцлогтой. АХБ-ны энэхүү санхүүжилт нь эдийн засгийг төрөлжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийг бий болгох, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх зэрэгт чиглэсэн засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай нягт уялдаж байгаа юм.
Аялал жуулчлалын салбар 2017 онд улсын төсөвт 1.2 тэрбум ам.долларын орлого оруулан, 121,500 ажлын байрыг бий болгож, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 11.4 хувийг бүрдүүлсэн байдаг талаар Байгал орчин аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр хэлж байлаа. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Тус төслийг хэрэгжүүлснээр гадаадын жуулчдын тоо хоёр дахин нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын орлого хоёр дахин нэмэгдэнэ. Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх энэхүү төслөөр аялагчдыг дэмжихийн зэрэгцээ орон нутгийн иргэдийн орлого олох боломжийг бий болгоход чиглэсэн орон нутагт түшиглэсэн аялал жуулчлалын төлөвлөлтийг сайжруулах болно.
Түүнчлэн, Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор, тасалбар түгээх цэг зэрэг аялал жуулчлалын төвүүдийг байгуулан, дэд бүтцийг шинэчилж, жуулчид болон нутгийн иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө болон хог хаягдлын байгууламжуудыг суурилуулж, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны менежментийг сайжруулна" гэлээ. Харин АХБ-ны гүйцэтгэх захирал Кшатраnати Шиважи "Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Монгол Улсын эдийн засгийг уул уурхайгаас хэт хамаарлыг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж харж байна. Мөн уур амьсгалын сөрөг нөлөөг бууруулах, ан амьтныг хамгаалахад чухал нөлөөтэй. Энэхүү төсөл АХБ-наас Монгол Улсад аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжүүлж байгаа анхны төсөл юм" гэв.