ЮНЕСКО-гийн орлогч захирал хатагтай Стефаниаг Монгол Улсад зочлохыг урив

“Хувьсаж буй боловсрол” дээд хэмжээний уулзалтад оролцож буй Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан эхний уулзалтаа Юнескогийн боловсрол хариуцсан орлогч дарга хатагтай Стефани Жианнинитай хийлээ. Тэд энэ онд гурав дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Өмнө нь “Хувьсаж буй боловсрол” сэдэвт бүсийн уулзалтуудын үеэр Бангкок, Парис хотуудад албан ёсны уулзалт хийж байв.

Өмнөх уулзалтуудаар дэлхийн боловсролын чиг хандлага, Монгол улсын боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар санал солилцож тодорхой хамтын ажиллагаануудыг эхлүүлж байсан юм. Харин энэ удаа тулгамдаж байгаа асуудал, хүлээгдэж буй үр дүн, хамтын ажиллагааны хүрээнд түлхүү ярилцлаа.

Цахим шилжилт, шинэчлэл боловсролын салбарт үр нөлөөгөө хэрхэн үзүүлэх, үүнд Монгол улс хэрхэн оролцох талаар эхлээд мэдээлэл солилцсон. Мөн насан туршдаа суралцах боломжийг хүн бүрийн өмнө нээхэд цахим шилжилтийн үр нөлөө их байгаа талаар дурьдаж байлаа. Цар тахал болон аливаа гэнэтийн бэрхшээлийн өмнө бэлэн байхын тулд зайнаас суралцах тогтолцоог бэхжүүлэх нь чухал юм. Энэ чиглэлээр Монгол Улсын хэрэгжүүлсэн теле хичээл чухал ач холбогдолтой бөгөөд дэд бүтцийг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжтой юм.

Мөн намрын чуулганаар хэлэлцэх боловсролын багц хуулийн талаар боловсрол, шинжлэх ухааны сайд мэдээлэл өгсөн. Эрх зүйн орчин сайжрах нь боловсролын хувирган өөрчлөлтөд чухал ач холбогдолтой болохыг онцолж байлаа.

Хатагтай Стефаниа Жианнини 2018 онд энэ албан тушаалд томилогдсон. Энэ цагаас хойш тогтвортой хөгжлийн зорилт 4 буюу чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй олгох зорилтын биелэлт, стратегийг хариуцаж байгаа юм.