Хүний эрхийн үндэсний байгууллагуудын дээд хэмжээний уулзалтад оролцлоо

Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллага (ХЭҮБ)-уудын дээд хэмжээний уулзалт Бүгд Найрамдах Польш улсын Варшав хотноо 2022 оны 9 дүгээр сарын 5, 6-ны өдөр зохион байгуулагдлаа.

Уг дээд хэмжээний уулзалт нь “Бат бэх Хүний эрхийн үндэсний байгууллагыг бий болгох нь” сэдвийн хөндсөн бөгөөд арга хэмжээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-дарга Ж.Хунан оролцов.

 

Дээд хамжээний уулзалтаар ХЭҮБ-д тулгарч буй асуудал, тэр дундаа байгууллагын оршин тогтнох байдалд үзүүлдэг нөлөөлөл, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь учирдаг саад, боловсон хүчин, орон тоо, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаа тавих хяналтыг нэмэгдүүлэх зэрэг олон талт асуудалд туршлага солилцсон юм.

Дээд хэмжээний уулзалтын хүрээнд ХЭҮК-ын дарга Ж.Хунан Бүгд Найрамдах Польш Улсын Иргэний эрхийн Омбудсмений Газар, тус улсад Монгол Улсаас суугаа элчин сайдын яам, Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан Институц, Хүний эрхийн алба болон Польш Улсад оршин суугаа Монгол иргэдийн холбоо зэрэг байгууллага, талуудтай цуврал уулзалт хийлээ.

Б.jpg

 

Комиссын дарга Ж.Хунан БНПУ-ын Иргэний эрхийн Омбудсмен Марчин Вёнцектэй 9 дүгээр сарын 5-ны өдөр албан уулзалт хийж, хоёр байгууллагын хоорондох хамтын ажиллагааны боломжид чиглэлүүдийн талаар санал солилцож, Хүний эрхийн Үндэсний Комисст байгуулагдсан шинэ механизмуудыг чадавхжуулах, тэр дундаа Польш Улсын Эрүү шүүлтээс урьчилан сэргийлэх механизмаас туршлага судлах боломжийн талаар хөндөн ярилцав.

Мөн шинэчлэгдсэн хууль тогтоомжийн хүрээнд ХЭҮК-ын эрх хэмжээ нэмэгдсэн болон томилгоо, сонгон шалгаруулалт зэрэг хараат бус байдал дээшилсэнтэй холбогдуулан ХЭҮБ-ын эрх зүйн байдлыг боловсронгуй болгох чиглэлд харилцан туршлага солилцохоор боллоо.

 

Айлчлалын эхний өдөр Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны захирал Маттео Меккачитай уулзаж, ХЭҮК-ын шинэ тутам байгуулагдсан механизмуудыг бэхжүүлэх, техник арга зүйн туслалцаа үзүүлэх боломжийг судлах талаар санал солилцов.

Айлчлалын хоёр дахь өдөр буюу 9 дүгээр сарын 6-ны өдөр Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Доржтой хийсэн уулзалтаар тус улсад суугаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцсон.

А.png

Мөн тус улсад суугаа Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж, иргэдэд тулгардаг асуудал, хүний эрхийн зөрчлийн талаар мэдээлэл авлаа.

Тус уулзалтаар давхар харьяаллын асуудал, овог нэр солих үйл явцыг хялбаршуулах, хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд Монгол, Польш иргэдийн ажлын хөлс ялгавартай олгодог асуудал, хөдөлмөр зуучлал нэрээр иргэдийг хохироохоос урьдчилан сэргийлэх, хууль зүйн туслалцаа үзүүлэх болон Монгол Улсын хилийн чанад дахь иргэдэд туслалцаа үзүүлэх сангийн үйл ажиллагааг сайжруулах шаардлага зэрэг хүний эрхийг хангах төрийн үйлчилгээг боловсронгуй болгох асуудлыг хөндөн ярив.

Мөн хилийн чанад дахь иргэдийн хүний эрхийн нөхцөл байдалд бүхэлд нь үнэлгээ хийх боломжийг судлахаар боллоо.