Хамтдаа тэмүүлсэн ТАВАН ЖИЛ

"Бизнес эхлүүлсэн түүх" цувралын зочноор нөхөрлөлийн үнэ цэнээр хүсэл мөрөөдлөө биелүүлж, хөдөлмөрлөж яваа хоёр найзыг урьсан юм. 30 насны босгыг шүргэж гурав, гурван хүүхдийн залуухан завгүй ээж, айл гэрийн эзэгтэй, албан байгууллагынхаа захирлын ажлыг сайтар биелүүлдэг тэд гоо сайхны салбарт тод мөртэй. Ийн тодотгохын учир С.Марал-Эрдэнэ, Б.Тайвантуяа нар органик гоо сайхны бүтээгдэхүүнийг ОХУ-аас албан ёсны эрхтэйгээр анх оруулж ирдэг байсан бол өдгөө үйл ажиллагаа нь өргөжин тэлж, Франц, Эстони, Польш улсын томоохон компанитай гэрээлжээ. Өнөөдрийг хүртэл олон саад бэрхшээлийг хамтдаа  даван туулж, асуудлын гарц гаргалгаа хайж, бие биедээ амласан амлалтад хүрэхийн тулд хэрхэн хичээсэн бахархам сайхан түүхийн эздийн ажлын түүхээр аялснаа хүргэе.

Хэрэглэгчдийн дунд оройн зайгаа олсон "Organic shop Mongolia"-г үүсгэн байгуулж, өрхийг нь татах үйлсийг С.Марал-Эрдэнэ эхлүүлжээ. Одоогоос таван жилийн өмнө буюу 2017 оны арваннэгдүгээр сард бизнесийнхээ эхлэлийг тавьсан байна. Тухайн үед хоёрдахь үрээ өлгийдөж аваад удаагүй гэрийн эзэгтэйн албатай явжээ. Багын хөдөлмөрч, бүтээлч сэтгэхүйтэй, өөрийгөө цаг үргэлж хөгжүүлдэг тэрбээр хүүхдээ харахын хажуугаар хийж болох ажлын эрэлд гарсан хэрэг.

No description available.Оюутны ширээнээс од мэт гялалзах найзтайгаа учрав

Тэрбээр Улаанбаатарын унаган хүүхэд. Бүрэн дунд боловсролоо “Их засаг” лицейд эзэмшиж, ШУТИС-ийг Бизнесийн удирдлага, маркетингийн менежерээр төгссөн байна. Англи, хятад, орос, франц, япон хэлтэй. Их сургуулиа төгсөөд га "Jet-school of English" сургалтын төвд мэргэжлээрээ ажиллаж байгаад "Zenith" гадаад хэлний сургалтын төвийг үүсгэн байгуулжээ.

Оргилуун хүслээр жигүүрлэсэн оюутан ахуй цагт нь дурсамж арвин өдрүүд өнгөрсөн гэдэг. Амьдралынхаа найзуудтай танилцаж, ээж хэмээх эрхэм алдрын эзэн болжээ. Оюутан байхдаа жирэмсэн болсноор жилийн чөлөө авч, хүүхдээ өсгөхөд анхаардаг нэгэн байхад С.Марал-Эрдэнэ  аль алийг нь цалгардуулсангүй. Хувийн зохион байгуулалт сайтай түүний хувьд хичээлээ шахаж үзэн, 3.5 жилээр сургуулиа амжилттай төгсч, дипломоо гардан авчээ. "21 настайдаа ээж болсон. Айлын том охин болохоор дүү нараа харж, хариуцна. Гурван дүү зургаан насны зөрүүтэй. Аав, ээж надад дүү нарыг маань даатгадаг байсан нь хариуцлагатай хандахад сургасан болов уу. Зуны амралтын гурван сард хөдөө зусна. Ах, эгч нарынхаа хүүхдүүдийг бүгдийг нь харна. Хичээл номыг нь хийлгэж, хоол хүнсэнд нь анхаарал хандуулна. Тиймээс хүүхэд өсгөх хэцүү санагддаггүй. Харин ч хорвоогийн хамгийн сайхан ажил. Хоёр хүү, нэг охинтой. Төрөөд долоон сар л болж байна.  Бизнесээ эхлүүлээд таван жил болж байгаа. Энэ хугацаанд олон ч зүйлтэй нүүр тулсан. Багаас нь босгож, тогтвортой үргэлжлүүлэх чухал. Гэхдээ хүн л юм чинь шантрах үе гарна. Тэр бүгдэд хүүхдүүд маань надад эрч хүч өгдөг. Үрсээ бодоод өндийгөөд босч ирдэг" гэв. 

С.Марал-Эрдэнийг их сургуулийн босго алхаж ороход үе тэнгийн бор охин нүдэнд туссан нь амьдралын салшгүй нэг хэсэг болсон найз, ажлын алтан портнёр Б.Тайвантуяа. Тэдний нөхөрлөл оюутны ширээнээс эхтэй. Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрж өссөн Б.Тайвантуяа онц сурдаг шилдэг сурагчийн нэг. Конкурс өгч сургууль сонгоход олон мэргэжлийн сонголт байсан боловч амьдралын чухал мөчийн шийдвэрээ ахтайгаа зөвлөлдөж, ШУТИС-ийг сонгожээ. "2008 онд маркетингийн менежер гэдэг ажил ховор байлаа. Телевиз үзэж байхад маркетингийн менежер гээд хүмүүс ярилцлага өгнө. Миний төсөөлөл бизнесийн салбарын мэргэжилтэй болох юм байна гэсэн төсөөллөөр сонгож байлаа. Хичээлийн хувиараа зохиохоос эхлээд бие даах чадварт суралцаж эхэлсэн дээ" гэв. 

No description available.Хөдөөгийн буйдхан сумаас их хотыг зорьж, эрдэм өвөртлөхөөр ирсэн Б.Тайвантуяад бүх зүйл сонирхолтой хийгээд содон. Өндөр, туранхай цагаан царайтай урт буржгар үстэй хотын охиныг сониучирхан харсан нь С.Марал-Эрдэнэ. Өөрт ногдсон бүхнээ гүйцэтгэл сайтай, ягштал хийнэ. Азаар нэг анги. Зарим хичээлээ хамт судална. Хоёулаа мэрийлттэй нь нэгэн зүг рүү хөтөлсөн хэрэг. Б.Тайвантуяа эхний хоёр сар компьютер авч хараахан амжаагүй байжээ. Бие даалт хийх шаардлага тулгарахад С.Марал-Эрдэнэ гэртээ нэгийг илүү хийж ирээд, түүнд өгнө. Хийгээд ирээч гэж ганц үг унагаагүй байхад сэтгэл гаргаад аваад л ирнэ.  Хэн хэнийгээ дэмжих, бусдыг гэсэн сайхан сэтгэл нь тэднийг нэгтгэж, найзын нандин холбоо үүсчээ.

"Бид хоёрын амьдралын замнал төстэй. Найз маань санал тавьж, work&travel хөтөлбөрөөр АНУ явъя гээд хөөцөлдөөд, бүтсэн. АНУ руу явахаас долоо хоногийн өмнө жирэмсэн гэдгээ мэдсэн. Нас залуу байсан болоод ч тэрүү хэлчихвэл явуулахгүй, Америк явах мөрөөдөл талаар болно гэж бодсон.  Явсны дараа ах хэлсэн байсан. Аав минь өвөө болох нь гэж баярлаж уйлаад л... Таван сартай том гэдэстэй ирж байлаа. Одоо бодоход их зоригтой алхам хийсэн юм шиг санагддаг. Зунжин ажил хийчихсэн. Ирээд хичээлдээ явсан болохоор тонус өгнө. Гэрийнхэн маань жилийн чөлөө авчих гэнэ. Би үгүй ээ, ангийнхантайгаа хамт төгсөнө гээд зөрүүдэлж байгаад төрөөд 20 гаруй хоноод хичээлдээ сууж байлаа" гэв. 

"С.Марал-Эрдэнэ миний гэдсийг "Хөөрхөн шүү" гэж илсээр байгаад жилийн дараа жирэмсэн болсон байдаг юм" хэмээн инээмсэглэн хэлж, найз руугаа харах харцнаас он удаан хамт байсан нандин мөчүүдийнхээ дурсамжийг олж харсан мэт. Мэдээлэл технологийн компаниас ажлын анхны гараагаа эхэлж, Алтан Жолоо группийн охин компанид маркетингийн ахлах хүртэл ажиллаж байжээ. Цаг үргэлж найзууддаа санаа тавьдаг С.Марал-Эрдэнэ "Чи хол явж өдөр, шөнагүй ядартлаа ажиллаж байхаар манай сургалтын төвд хүрээд ир. Хамтдаа ажиллацгаая" гэхэд "Хэрэггүй ээ найзаа. Би энэ ажлаа л хийнэ" хэмээн эелдэгхэн хэлж, тавьсан саналаас нь татгалзсан гэдэг. 

No description available.

2017 онд анх органик брэндийн бүтээгдэхүүнтэй санаандгүй байдлаар танилцав. С.Марал-Эрдэнийн  төрсөн дүү нь Плеханов төгсөөд тэтгэлгээр Санкт-Петербургт суралцдаг байжээ. Organic shop оросдоо 1200 салбартай том дэлгүүр. Дүү нь гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж, үр дүнгийн талаар эгчдээ хэлж, оруулж ирж зарах саналыг тавьсан ч тухайн үед төдийлөн ойшоосонгүй. Зав гарахаараа л хүүхдүүдээ дагуулаад аав, ээжийгээ зорьж, уулзана. Толины өмнө содон хэлбэр бүхий хар хайрцагтай жижигхэн тоснууд өрөөстэй байж. Ээжээсээ асуухад "Мэдэхгүй ээ. Номиушка л орхиод явсан" гэжээ. Онгойлгож үзэхэд жимсний анхилуун үнэр үнэртээд сайхан мэдрэмж төржээ. Тун удалгүй дүү рүүгээ залгаад асуухад "Бүгдийн нэгбүрчлэн асууж, би хэрэглээд үзье" гэдгээ ч хэлжээ. Тэр өдрөөс хойш тууштай хэрэглэж, үр дүнгийн мэдэрч, оруулж ирэхийг урьтал болгов. Төрөөд удаагүй учраас өөрөө явах боломжгүй. Гарц гаргалгаа хайж, хадам аав, ээждээ санал тавьж Эрхүү явуулах болов. Ханиасаа хоёр сая төгрөгөө зээлээд хадмууд нь бэрийн гуйлтыг зөвшөөрснөөр бизнесээ эхлүүлжээ. 

Худалдааны зөвлөхүүдээс нь зөвлөгөө авч ямар бүтээгдэхүүн борлуулалт сайтыг судалж, эхний ээлжид цөөн тоогоор оруулж ирсэн байна. Онлайнаар худалдах гэж үзсэн ч санаснаар нь болоогүй тул Sunday plaze-д жижиг лангуу түрээслэв. Цөөхөн бүтээгдэхүүнтэй тул хол хол зайтай өрж, олон юм шиг харагдуулна. Савлагаа нь хүмүүсийн анхаарлыг их татна. Хальт харсан хүн бүхэнд хар савтай гутлын тос шиг харагдана. "Гутлын тос шиг" гэдэг үгийг өдөр бүр сонсоно. Organic kithen худалдан авалт ч сайтай. Хүмүүс ч сайн мэднэ. Ажлаа тууштай үргэлжлүүлэхийн тулд дараагийн бүтээгдэхүүнээ авч ирэхээр ганцаараа ОХУ-ыг зорив. 2018 оны гуравдугаар сарын 15-нд үүргэвчээ үүрээд гарчээ.

"Өмнө нь би ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар сурагч байхдаа явсан. Монголоос есөн хүүхэд сонгогдсон. 30 орны хүүхдүүд сарын хугацаанд сарын хугацаанд зусланд өнгөрүүлсэн. Тэгж нэг удаа л хүүхэд байхдаа явж байсан. Фэйсбүүкт Эрхүү рүү явдаг жолооч нарын групп байдаг. Тэрийг мэдээд зориглоод явсан даа. Очиход ямар ч асуудал байгаагүй. Ирэхэд үнэхээр хэцүү байсан. Бизнес хийж эхлүүлж байгаа учраас нэг ширхгийг ч илүү авчрах юмсан гэж бодно. Ганцаараа ч нэлээд их бүтээгдэхүүн авчихсан байсан. Олон хайрцагтай. Өргөж, зөөх гээд бүх асуудлаа өөрөө зохицуулна. Ирэх жолоочдоо хамт буцна гэж хэлсэн ч урд өдөр нь явчихсан байсан. Таньдаг жолоочгүй вокзал дээр үлдчихсэн. Ядаж утасны цэнэг дуусчихсан. Тэр үед хүний нутагт хаягдчихсан юм шиг мэдрэмж төрж байлаа." гэв. 

No description available.Нутаг нэгтнээ хайж, тусламж хүсэхийг илүүд үзжээ. Олон гадаад дунд алсаас утсаар яриад алхаж яваа залуугийн алхаа танил санагдсан тул гүйж очоод учир байдлаа хэлэв. Вокзалд бараагаа хараад унтаж ч чадахгүй хоёр хоног хүндхэн өнгөрүүлсэн мөч одоо ч түүний сэтгэлд тодхон. Сургамж болж үлдсэн тул найдвартай итгэж болох Бямбаа хэмээх эмэгтэй жолоочтой явдаг болжээ. Ийм л замналаар ганцаараа бүгдийг хариуцана гэдэг хэцүү. Эхлүүлсэн ажлаа зогсоохгүй тууштай үргэлжлүүлэх хэрэгтэйг мэдэж байлаа. Хэсэг хугацааны дараа дахин оросоос органик гоо сайхны бүтээгдэхүүн оруулж ирж байгаа. Хамтдаа хийцгээх үү гэхэд дахин татгалзав... 

2018 онд хүүхдүүдээ агаарт гаргахаар хамтдаа Тэрэлж рүү явжээ. Тухайн үед Б.Тайвантуяа дикретний амралтаа авчихсан. Хүүхэд нь ой хүрчихсэн. Ажил хийж, амьдралын хэвшлээ өөрчилмөөр санагдаж "За би чамтай хамт энэ бизнесийг чинь хийе" гээд ам алдчихаж.  Найзынхаа эхлүүлсэн бизнесийг хамтдаа үргэлжлүүлэх шийдвэр гаргасан нь энэ. Бизнес эхлүүлэх хувь тохиол тэднийг хамт байх гол хөшүүрэг болов. Тууштай, итгэл даах үнэнч хамтрагч хайж явсан бүсгүй шууд л үүрэг даалгавар өгч, өөрийгөө сайн бэлд, бүтээгдэхүүнээ сайн судал, маргаашнаас орчуулгын ажилдаа орно шүү хэмээн анхааруулжээ.

Бүтээгдэхүүний талаар төдийлөн мэдэхгүй түүний хувьд төвөгшөөж хүлээж авчаа. "Ядаргаатай юм бэ гэж хүлээж авсан. Найз маань маш дайчин. Үүрэг даалгавар өгөхдөө сайн. Олон дүү нараа өсгөсөн хандлага харагддаг. Маргааш өдрөөс нь би судалж эхэлсэн. Над руу залгаад "Чи биеэ сайн бэлдээд, хүүхдээ хараад байж бай. Арванхоёрдугаар сард ОХУ-д шинэ жил гээд хямдрал зарлана. Тэр үед хоёулаа хамт явна шүү" гэсэн. Би ч тэсэн ядан хүлээсэн" гэв. 

No description available.

 Идэр есийн хүйтэнд Эрхүүг зорьсон хоёр

Ес эхэлж, ид хүйтэрч байх үед хоёр найз үүргэвчээ үүрээд, гар гараасаа хөтлөлцөөд хилийн дээс алхав. Гоо сайхны брэндийн дэлгүүрт ороод л гайхширч, толийсон арьстай орос охидууд худалдан авалт хийхээр дугаарлаад зогсч байхыг хараад Б.Тайвантуяа алмайрчээ. Анх удаа ирж байгаа учраас арга ч үгүй биз. Бүтээгдэхүүнээ сайн үзээд сонгоод аваарай гэхэд нь тэргээ түрээд 20 орчим минут нааш цаашаа гүйснээ дурсав. Англи хэлтэй учраас тайлбарыг нь уншихад асуудал үүссэнгүй. Ойлгохгүй байгаагаа найзаасаа асуухад орчуулаад өгнө. Үнэртэж, тестлэж үзнэ. Ханиасаа авсан нэг сая төгрөгт багтааж, бүтээгдэхүүн авчээ. Аливаа зүйлийг хүн биеэр мэдэрч ойлгоно. ОХУ, Эрхүү яваад ирлээ гэхийг сонсоод аялаад ирж байгаа юм шиг хүлээж авдаг байснаа тэрбээр нуусангүй. Өөрөө явж үзээд, найзыгаа ганцаараа бүгдийг ямар замаар яаж оруулж ирж, тулгарсан саад бүрийг даваад гардаг ч хэцүү байна гэж хэнд ч гомдолдоггүй байсныг ойлгов.

Олон ч бүтээгдэхүүн авлаа." Маргааш явна, бүтээгдэхүүнээ янзалцгаая. Цүнхнийхээ энд тэнд эвийг нь олоод эвтэйхэн хийгээрэй" гэсэн үгс Б.Тайвантуяагийн анхаарлыг татав. Учрыг нь лавлаж асуухад "Бүрдүүлэлт хийгээгүй учраас хилээр хамаагүй гаргахгүй" гэх хариултыг сонсоод гайхах, айх зэрэгцэв. Хууль бус юм хийж байна гэсэн бодолдоо хэт автаж, хилээр гартлаа түгшсэн гэдэг. Идэр есийн хүйтэн эхэлчихсэн өдөр нь хоолгүй, шөнө нь нойргүй явсан хоёр найз хил нэвтрэв. Хэрэгцээнд зориулж авсан бүтээгдэхүүнд ач холбогдол ч өгсөнгүй. Эхлээд тус, тусдаа өөрсдийнхөө сонгож авчирсан бүтээгдэхүүнээ зарж эхэллээ.

No description available.

Үндэсний хэмжээний том компанитай өрсөлдөж, албан ёсны эрхээ авсан нь

Хийж, хэрэгжүүлж байгаа ажилдаа нухацтай ханддаг түүний хувьд найздаа тус тусдаа хийвэл хөгжиж дэвшихгүй. Хамтын хүчээр албан ёсны эрхтэйгээр оруулж ирье гэдэг саналыг тавьжээ. Анхандаа С.Марал-Эрдэнэ "Дэлхийн хэмжээнийм том компани чи бид хоёрт юу гэж эрхийг нь өгөх вэ дээ" гэж боджээ. Тэдэнд зориглож хийх сонголт л үлдэв. Б.Тайвантуяа импортын компанид ажиллаж байсан туршлагатай. Процесс хэрхэн явдгийг сайн мэднэ. Албан ёсны эрхтэй оруулж ирэхэд давуу тал их. Бүх зүйл найдвартайгаас гадна хил гаалийн асуудалгүй гэж үзсэний үндсэнд албан ёнсы зөвшөөрөл рүү нь зүтгэх шийдвэрт хүрчээ.  Судалгааны ажлыг урт хугацаанд хийж, төсөл бичив. 

24 настай хоёр бүсгүй албан ёсны эрхтэйгээр гоо сайхны брэндийн бүтээгдэхүүн оруулж ирэхээсээ өмнө хотын төвд нэрийн дэлгүүртэй болох зорилго өвөртөлж, машинаа унаад л хотын түрээсийн талбайг үзнэ. Ингэж явсаар "Гурван Гал" худалдааны төвийн гурван давхарт байрлах талбайг олж, өөрсдөө засвар хийжээ. Орос явахаасаа өмнө брэндийнхээ 23 ам метр дэлгүүрийг нээсэн нь хамгийн зөв алхмын нэг.

Сар бүр хамтарч ажиллах хүсэлтээ и-мэйлээр илгээнэ. Эхлээд англиар бичжээ. Хариу ирэхгүй болохоор ойлгохгүй байх шиг байна гээд оросоор бичнэ. Бас л хариу байдаггүй. Сар бүр уйгагүй бичсээр сүүлдээ утсаар ярьж үзсэн гэнэ. Орос хэлтэй дүүгээрээ яриулжээ. "Сайн байна уу. Намайг Номин-Эрдэнэ гэдэг. Би Монголоос ярьж байна. Манайх Organic shop"-н барааг Эрхүүгээс авч, зардаг. Одоо бид албан ёсны эрхийг нь авахаар хөөцөлдөж байна" гэхэд нөгөө компанийн хүн "Nomin holding" гэж буруу ойлгоод "Хүрээд ир" гэжээ. Олон сар тууштай хөөцөлдсөн хоёр найзын хөл нь газарт хүрэхгүй баярлаж, явах бэлтгэлээ базаав. 

No description available.С.Марал-Эрдэнэ дүүгээ дагуулаад явахаар болж Б.Тайвантуяа оюутан ангийнхаа Дэлгэрмаа найзынхаа хамтаар төсөл бичиж, хэрэглэгдэх бүхий л бичиг баримтын бэлтгээд явуулах тохироотой үлджээ. Орос руу явж болзсон өдөр нь болов. "Би ирчлээ. Хаана очиж уулзах вэ" гээд утсаар ярихад "Юу яриад байгаа юм бэ. Та нар сая ирж уулзаад гарсан биздээ" гэжээ. "Бид одоо л ирж байна" гээд учир байдлаа хэлэхэд "Та нар Номин компани биш юм уу. Сая Номингийнхон ирээд явлаа" гэхээр нь "Миний нэрийг Номин-Эрдэнэ" гэдэг гээд тайлбарлахад хүлээж авсангүй. 

Сайхан төсөөлөлтэй ирсэн болохоор сэтгэлээр унаж, хүний нутагт юу ч хийх вэ. Угаасаа яаалаа гэж бид хоёртой хамтарч ажиллахав дээ хэмээн бодож Б.Тайвантуяад муу мэдээг сонордуулав. Уйлмаар урамгүй мэдээ сонссон ч асуудалд нухацтай ханддаг тул "Ямар нэгэн арга ол. Яагаад наа компани чинь ёс зүйгүй хандлага гаргаж байгаа юм" гээд найз руугаа чат бичиж. Энэ үед С.Марал-Эрдэнийн дотор хүн нь “сэрэв”... Натура Сиберика ХХК-руу дахин утас цохив. Хаа хол монголоос дуудаж авчирчихаад ямар ёс зүйгүй хандлага гаргаж байгааг нь хэлэхэд "Танилцуулгаа явуул" гэх нь тэр. Б.Тайвантуяа бэлтгэж, найз Дээгий нь англи руу орчуулж, төсөл, танилцуулга, боршур, зах зээлийн судалгаа, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа явуулахад "Хүлээж авлаа. Бүгдээрээ ямар ч байсан уулзах уу" гэсэн хариу өгөв. Хоолойны өнгө, хандлага нь өөрчлөгдөж ярьсан хэмээн хэдэн жилийн өмнөх үйл явдлыг санагалзан инээлдэв... 

No description available.

 "Манайхыг сонго..."

Хаана байрлаж байгаа хаягаа явуул. Бид машин явуулна гэжээ. Бизнес эхлүүлээд удаагүй болохоор таван одтой зочид буудалд байрлах боломжгүй. Хямдхан, цэвэрхэн буудалд байрласан С.Марал-Эрдэнэ 4 одтой буудалд нэг өдөр байрлахаар болжээ. Том компанитай албан ёсны эрхтэйгээр хамтарч ажиллах учраас ийм л гарцыг сонгожээ. Уулзах өдөр машин ирж авав. Москва хотоос гадна нэг салбар дэлгүүртэйгээ танилцуулав. Дотоод зохион байгуулалт, орчин гээд бүхий л зүйлс нь төгс зохицолтой. Үүсгэн байгуулагч Андрей Трубниковын бичсэн номыг шимтэн уншихад дэлгүүртэй шар шувуу, туулай тэжээнэ. Хаалгаар нь ороход нов ногоон шинэхэн алим үйлчлүүлэгчдээ зориулж тавьчихсан, мэндчилгээний соёл, бүтээгдэхүүний танилцуулга гээд номноос уншсан дүр зураг нүднийхэн өмнө буув. Ийнхүү компанийн гадаад харилцааг хариуцсан захирал, менежер нь оффистоо урьж, кофегоор дайлжээ. "Танай танилцуулгыг үзсэн. Бид Номинтой харилцдаг. Гэхдээ танай бичсэн төсөл биднийг алмайруулсан. Мэргэжлийн түвшинд байна. Танай компани жижиг юм байна. Номин бол супермаркеттай. Алыг нь сонгох уу гэдэгт эргэлзээтэй байна. Танай компанийг сонгох нэг шалтгаан хэлээч" гэжээ. С.Марал-Эрдэнэ хариуд нь "Органик бүтээгдэхүүнийг хэрэглэгчид шууд ойлгоход маш их тайлбар, хичээл зүтгэл шаардана. Наад зах нь түүхий эдийн нөөц нь хомс, үйлдвэрлэгдэх тоо ширхэг нь хязгаарлагдмал, зарим бүтээгдэхүүний хувьд улиралаас хамаарч үйлдвэрлэгддэг. Тэгэхээр ийм брэндийг үр хүүхэд шигээ хайрлаж, бөөцийлж, бусдад таниулахад бидний сэтгэл зүрх хэдийнээ бэлэн байна" гэдэг үгийг хэлээд уулзалт өндөрлөжээ.

Сила Siberica: как Андрей Трубников захватил рынок дешевой косметики ::  Бизнес :: Журнал РБК                                                                    ("Натура Сиберика" ХХК-ийн үүсгэн байгуулагч Андрей Вадимович Трубников)

 Ингээд нутгийн зүг буцав. Долоо хоногийн дараа С. Марал-Эрдэнийг Монголдоо буцаж ирэхтэй зэрэгцэн "Натура Сиберика" ХХК-аас брендүүдийнхээ албан ёсны эрхийг "Органик Шоп Монголиа" ХХК-д өгөх болсон талаарх баярт мэдээтэй и-мэйл хүлээн авлаа. Найзууд хүсэн хүлээсэн хариугаа утсаар хуваалцан, бие биедээ баяр хүргэн, "Мундаг шүү" гэсэн үгээр амжилтаа тэмдэглэхийн сацуу дор бүрнээ маш том үүрэг хариуцлага ногдож байгааг бодсон байна.
 
Машиндаа оффислож бүх ажлынхаа эхлэлийг тавьсан "Органик шоп Монголиа" 

Оффис ч байхгүй. С.Марал-Эрдэнийн өнөө бор машин тэдний хувьд ажлын байр л гэсэн үг. Хурлаа хийнэ, маркетингийн төлөвлөгөө гаргана. Бүтээгдэхүүн танилцуулах лайв хийж, хүргэлтэндээ хамтдаа явна. 2019 оны тавдугаар сард албан ёсны эрхээ авчээ. Гэрээ хийсний дараа бүх ажил хуулийн хүрээнд явна. Гэтэл нэг асуудал тулгарсан нь хөрөнгө, санхүү. Дэлхий олон оронд гоо сайхны бүтээгдэхүүн импортлодог компани нэг, хоёр саяын бүтээгдэхүүн өгөхгүй. Хамгийн эхний худалдан авалт 30 сая төгрөгийн бүтээгдэхүүн байх ёстой.  Залуу гэр бүлийн хувьд тийм их хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэх боломжгүй. Нэгэнт эрхийн авчихсан учраас эцсийн үзэх хэрэгтэй. Дахиад мөнгө олох арга замыг хайв. Хэн хэн нь өөрийн эзэмшлийн байртай. Банкинд зээлгүй нь бизнесээ үргэлжлүүлэх тулах цэг болжээ. Ажил хийх хүнд арга нь олддог гэгчээр Б.Тайвантуяа ханьдаа хэлэхэд "Тэгээ хайраа. Дэмжиж байна" гэжээ. С.Марал-Эрдэнэ ч мөн адил ханиасаа асууж, банк бусад байраа барьцаанд тавьж хоёулаа 15 саяын зээлтэй болсон байна. Хоёулаа байрны зээлгүй байсан нь давуу тал болсон гэдэг. Албан ёсны эрхтэй захиалсан 30 саяын бүтээгдэхүүнээ хоног тоолон хүлээжээ. Захиалга өгснөөс 45 хоногийн дараа иржээ. Өмнө нь ширхэгээр авдаг байснаа хайрцаг руу шилжсэн хоёрын төсөөлөл тэрхэн өмчид баярлах, гайхах зэрэгцжээ. Нүдэндээ ч үл итгэм портер дүүрэн бүтээгдэхүүн. Хүмүүс гуйгаад хайрцагтай бүтээгдэхүүнэ хэдэн цагийн турш халуунд зөөв. Жолооч нь зориулалтын өргөгч по ч байхгүй гээд ёозгүй хэлэхэд хамтарч ажилладаг тээврийн компанийн менежер залуу "Манай хоёр мундаг ш дээ. Удахгүй хэдэн подоноор нь авдаг болно" гэж хэлсэн үг өнөөдөр биеллээ олжээ. 

Ачаатай портероо дагаад араас нь машинаа унаад, зургийн дарах тэр мэдрэмж... Хүн ажилдаа тууштай, зүтгэлтэй байвал хүсэл мөрөөдлийнхөө зүг алхам алхмаар ойртож, амжилтынхаа замыг алгуурхан зурдгийн бодит жишээ болсон хоёр найз өдгөө монголын гоо сайхны салбарт орон зайгаа дархалсаар байна. 

No description available.Хоёулаа эхлүүлсэн ч 20 ажилтантай, ганц лангуу нь зургаа болж өргөжив

"Гурван гал" худалдааны төв руу ах, дүү хамаатан садан, найз нөхдөөрөө нийлж өдөржин зөөжээ. Гурван давхрын тэр хэсэг дүүрэн. "Хандлага нь ёстой сайхан. Тэр хавиар хайрцаг дүүрэн баахан бүтээгдэхүүн байхад л охидуудаа гялалзуулаарай гэнэ. Төвөгшөөх хандлага байгаагүйд баярладаг.  Гурван гал шиг хандлагатай газар ховорхон. Манайх нэлээд олон газартай хамтарч ажилладаг. Нэг юм хийх гэхээр дүрэм, журам ярина. Шөнө 22.00 цаг хүртэл бараагаа янзлахад юу ч хэлээгүй. Дэлгүүрт багтахгүйг нь Маралаагийн гэрт аваачсан. Нөхөртэй нь би хуваарилагдаж хөлсөө гартал зөөсөн" хэмээв. Харин үлдсэн хэсгийг Б.Тайвантуяа охинтойгоо харилцан зөвшилцөж өрөөнд нь хураажээ. "Ээж нь бүтээгдэхүүнээ зараад охиныхоо өрөөг гоё тохижуулж өгнө гэсэн амлалтад ч хүрсэн байна. 

Бүтээгдэхүүн ч сайн зарагдав. Боломжийн үнэтэйгээс гадна эко органик учраас байнгын хэрэглэгчдээ өдрөөс өдөрт татсаар байлаа.  Жилийн дөрвөн улирлын халуунд нь халж, хүйтэнд хөрж бараа зөөж явсны үр дүн гарч үндэс мөчир нь салаалжээ. Өдгөө Улаанбаатарт зургаан салбар дэлгүүртэй. Орон нутагт гэрээт борлуулагчтай болсон байна. Хоёулаа эхлүүлсэн бизнес хүрээгээ тэлж 20 хүнийг ажлын байраар хангажээ.

Найзаа цалин яах билээ гэж Б.Тайвантуяа асуухад "Юу яриад байгаа юм. Хоёулаа бизнес босгох гэж байж. Юун цалин. Цалин, ашиг ярих болоогүй. Сэтгэлүйгээ сайн бэлд" гэх хариултыг С.Марал-Эрдэнэ хэлжээ.  Анх  сардаа 100 мянган төгрөгийн цалин авдаг байсан бол өнгөрсөн жил мөн л 100-гаар нэмж 200 болсон гэнэ.

No description available.Их хэмжээгээр ашиг олохгүй ч алдагдалд орохгүй байна гэдэг нь компани зөв менежментээр явж байна гэсэн үг. Цалин авахгүй ч ажилтынхаа амьдралын баталгааг хангахад анхаарал хандуулна. Органик бүтээгдэхүүний давуу тал нь байгалийн орц найрлагатай. Ямар нэгэн химийн хортой бодисууд орцонд нь багтаагүй. Үнийн хувьд ч тун боломжийн 2800-80,000 төгрөгийн хооронд үнийн дүнтэй. 1000 гаруй нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг. Хэрэглэгчдээ байнга урамшуулах талд ач холбогдол өгч ажиллана. Өнөөдрийн ашгаас илүү ирээдүйн үнэ цэнийг бүтээх нь "Оrganic shop Mongolia"-ын үндсэн зарчим.

Олон гэрээ үзэглэсэн оффисын өрөө

Машиндаа хэтийнхээ зорилгыг ярьж, компанийнхаа алсын харааг тодорхойлсон хоёр найзынхаа нөхрийн оффисын нэг хэсэгт байрлаж ажиллаж байгаад үргэлжлүүлэн түрээслэжээ. Яг л тэр жижигхэн оффисоос олон ч гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн хэмээн ярив. Өдгөө өөрсдийн мөрөөдлийн оффисоо тохижуулсан байна.  Ороход л гоо сайхны бүтээгдэхүүнийг тавиурт эмх цэгцтэй эгнүүлэн өрснийг хараад л хэн хүнд ойлгомжтой санагдана. Анх хамтарч ажиллах хүсэлт өөрсдөө илгээдэг байсан бол одоо эсрэгээрээ. Тэдэнд дэлхийн алдартай том брэндүүд санал тавина. Хэнтэй нь хамтрах эсэхээ судалгаа хийсний үндсэнд шийднэ. Хичээл зүтгэлийнхээ шагналыг хүртэж, хийсэн ажлаараа хүмүүст танигдаж яваа залуухан бизнесмэн бүсгүйчүүд өөрсдийн хариуцсан ажилтай. Хэн, хэнийхээ ажилд хөндлөнгөөс хамаагүй оролцохгүй. Саналаа хэлнэ. С.Марал-Эрдэнэ брэндийнхээ маркетингийн ажлыг урлаг талаас нь хөгжүүлнэ. Зураг авалтын санаа, реклам зар суртачилгаа болох хүмүүст ил харагддаг зүйлсийг хариуцна. Харин бодож боловсруулах төсөл хөтөлбөр, гэрээ хэлэлцээр, хүний нөөцийн ажлыг Б.Тайвантуяа яс хариуцдаг байна.

Ажлын үүргийн тэнцүү хуваарилалт чухал. Санхүүгийн сахилга баттай байх хэрэгтэй. Дур мэдэж компанийн хөрөнгөөс 1000 төгрөг ч авч болохгүй гэдгийг тэд онцлов. Хоёулаа маркетингийн мэргэжилтэй учраас санаа оноо сайн нийлнэ. Гэхдээ ажил хийж байгаа учраас алдаа дутагдал гаргавал засч залруулна. 

No description available.Тэдний одоо хийж буй том ажил Польшийн алдарт нүүр будгийн "BELL HYPOallergenic" брэндийн албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод 50, орон нутагт 50 салбартай болохоор төлөвлөжээ. "Organic shoр Mongolia" брэндийн нэгэн эд эс болж, хамтрах боломж хүн бүхэнд байна. Тэд ч хэрхэн яаж бизнес эхлүүлэх, тууштай үргэлжлүүлэх талаар эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд зөвлөгөө өгөхөд бэлэн. 

Хоёр биенийхээ түших багана тулах цэг болсон үнэ цэнэтэй нөхөрлөл

Хүн амжилтад хүрэхийн тулд хаанаас ч ажлын гараагаа эхлүүлж болно. Заавал оффис байх ч шаардлагагүй. Техник технологийн эрин үед амьдарч байгаа бид гартаа дэлхийг атгасан. Гар утсаараа дамжуулж, мэдээлэл бэлтгэх бүрэн боломжтой. Тиймээс тууштай, сэтгэлтэй , зүтгэлтэй байх хэрэгтэйг уншигчдад зөвлөв. 

Ажлаа эхлүүлээд бор машиндаа хурлаа хийж явахдаа С.Марал-Эрдэнэ найздаа хандаж, хоёулаа ирээдүйд брэндийнхээ нүүр царай болно. Үсээ сайхан арчлаад сайн ургуул гэжээ. За брэндийн нүүр царай модел болно гэж юу байх вэ. Бүтээгдэхүүн зөөгөөд гүйж яваа хүн ядарч, даарч, өлсч явна хэмээн шантарсан үедээ Б.Тайвантуяа хаа нэг бодно. Таван жилийн ойн хүрээнд хоёулаа зураг авалтад орж, модель болно шүү хэмээн хэлээд өнгөрчээ. Нэг өглөө орж ирээд "За зургандаа явцгаая" гэдэг үгийг сонсоод сандарсан ч сайхан мэдрэмж төрсөн гэнэ. Өөртөө итгэлтэй өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөөрөй" гэдгийг Б.Тайвантуяа бүсгүйчүүддэ захиж байлаа. 

Тэд бие биенийхээ түшиг багана тулах цэг. С.Марал-Эрдэнэ "Органик Шопыг гэр бүлээр төлөөлүүлбэл эмэгтэй хүн л болохоос Тайванаа миний түшиг тулгуур болсон ханиас минь өөрцгүй санагддаг. Б.Тайвантуяа "Цуцашгүй, эрч хүчээр дүүрэн. Маралаа хажууд машинаа бариад уруул будаад, амттан хувааж идээд алсын зорилгоо ярилцаад явах нь амьдрал өнгө хэцүү бэрхийг даван туулсан, аз жаргалтай үнэ цэнэтэй үеүд л  бидний хамгийн мартагдашгүй дурсамж болон үлджээ. Тэдний бизнесийн замнал уртаас урт байна гэдэгт итгэж байна."Organic shop Mongolia"-н үнэнч хэрэглэгчдийн өмнөөс үйлс нь өргөжин тэлэхийг хүсье.

С.Ичинхорлоо

Эрхэм уншигч та энэхүү гайхалтай түүхийн эзэдтэй холбогдож, зөвлөгөө авч, Дэлхийн алдарт Bell  HYPOallergenic брэндтэй хамтарч ажиллахыг хүсвэл https://www.facebook.com/organic.shop.mongolia пэйж хуудсаар болон 9526 3627 утсаар холбогдоорой

No description available.No description available.

No description available.

No description available. 

No description available.

No description available.