Турк Улсын Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсой нар уулзлаа

Соёлын сайд Ч.Номин Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсоё болон Туркийн хамтын ажиллагааны зохицуулах газар (ТИКА)-ын Ерөнхийлөгч Сэркан Каяалар, Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд соёл, урлагийн байгууллагууд болох театр, музей, номын сан болон соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах, хадгалах чиг үүрэг бүхий байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжихээр ярилцаж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар тохиролцов.

Турк Улсын Засгийн газар, Соёл, аялал жуулчлалын яам нь Улаанбаатар хотод ТИКА-г байгуулснаас хойш 770 гаруй төслийг хамтран хэрэгжүүлсэн бөгөөд Монгол-Туркийн харилцаа, хамтын ажиллагаанд соёл урлагийн салбар голлох байх суурийг эзэлж байгаа юм.

Тухайлбал, соёлын хамтын ажиллагааны хүрээнд Турк Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Налайх дүүрэгт Мэргэн Тоньюкукийн цогцолбор дурсгалыг хадгалж хамгаалах, судалж сурталчлах музейн бүтээн байгуулалтыг хийхээр болсон нь хоёр улсын хамтарсан томоохон төсөл хөтөлбөрт тооцогдож байна.

 

Өнгөрсөн хугацаанд Соёлын яам эл музейн цогцолборыг барьж байгуулах бэлтгэл ажлыг хангаж, Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 65.56 кв.км газарт хамгаалалтын бүс тогтоож, 20 га газарт нь бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн юм.

Энэ дагуу талууд өнөөдөр Мэргэн Тоньюкукийн цогцолбор музейн шав тавих ёслолд оролцохоор төлөвлөж байна.