Түүврийн аргачлалаар хяналт шалгалт хийжээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барилга барих үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, байгууллагын үйл ажиллагаатай танилцах, илэрсэн зөрчлийг шалгах, шүүхийн байгууллагад маргаан бүхий актын талаар судлах болон холбогдох зөвшөөрлийг олгосон төрийн байгууллага, албан тушаалтны талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах зорилготойгоор Нийслэлийн ИТХ-аас 75 дугаар тоот Ажлын хэсэг байгуулсан. 15 хүний бүрэлдэхүүнтэй тус Ажлын хэсэг 4 удаагийн хурлыг зохион байгуулж, НЗДТГ-ын Хууль эрх зйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт хөгжлийн газар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас холбогдох мэдээллүүдтэй танилцсан байна. Ажлын хэсгийн явцын талаарх танилцуулгыг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар хийлээ. 

Ажлын хэсгээс мэргэжлийн чиг хандлагатай асуудалд хууль ёсны байгууллагыг байлцуулан шалгалт хийлгэх талаар хөндөж, мэргэжлийн хяналтын байгууллагад энэ талаарх хүсэлтийг хүргүүлжээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар түүврийн аргачлалаар хяналт шалгалтыг хийсэн байна. Төлөөлөгч Б.Сүхбаатар танилцуулгадаа НИТХ-ын 2014 оны 05/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1148 дугаар захирамжийг зөрчсөн байна гэж хэллээ. Ингэснээр иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар нягтаршил ихтэй суурьшлын бүсийн хязгаарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар, шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байх зохицуулалтыг хийсээр байхад барилга байгууламжтай холбоотой зөвшөөрлүүдийг олгосон гэж танилцуулгадаа дурдлаа. Уг танилцуулгатай холбогдуулан төлөөлөгчид ажил хариуцсан хүмүүсээс тодруулга мэдээллийг авч, саналаа хэлсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч П.Наранбаяр “...Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд Наран трейд компанийн барилга барихтай холбоотой асуудал энд яригдаж байна. Сүүлийн үед барилга барих зөвшөөрлийг хууль зөрчиж олгох явдал нэмэгдсэн нь Ерөнхий архитектур Н.Нацагдоржтой холбоотой гэж харж байна. Түүнээс гадна тогтолцооны асуудал бий. Наран трейд компанийн барилгатай холбоотойгоор сургуулиас бусад обьектыг бариулахгүй байх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад бид хүргүүлсэн. Энэ хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байна вэ…” гэдгийг тодрууллаа.

Мөн энэ талаар Д.Гантулга төлөөлөгч асуусан бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Өнөөдөр албан ёсоор 14:00 цагт тус хорооны иргэдэд Засаг дарга өөрийн биеэр танилцуулна” гэлээ. Төлөөлөгч Б.Мөнхбат Улаанбаатар хотын нягтаршил ихтэй бүсэд ямар нэгэн барилга байгууламж барих, түүнтэй холбоотой зөвшөөрөл олгохгүй байх захирамж 2018 онд гарсан. Гэтэл 2022 онд уг захирамжийг хүчингүй болгосноор өнөөдрийн маргаан үүссэн. Тиймээс Ажлын хэсэг санал, дүгнэлтээ гаргахдаа мэргэжлийн комиссын бүтэц бүрэлдэхүүнд анхаарах талаар зөвлөмжийг хүргүүлэх саналыг гаргалаа.