С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
1.1 сая санал иржээ
НЗДТГ-ын дарга И.Баатархүү Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар иргэдийн санал асуулгын үр дүнгийн нэгтгэлийг төлөөлөгч нарт танилцуулав. Нийслэл, дүүргийн ОНХС-гийн хөрөнгөөр 2023 онд хийх төсөл, хөтөлбөрт тусгах иргэдийн саналыг улс даяар 2022 оны дөрөвдүгээр сарын 15-наас зургаадугаар сарын 15-ны хооронд цахимаар авсан. Ийнхүү нийт 1.140.376 төсөл, арга хэмжээний санал иржээ. Үүн дотор:
- Нийтийн эзэмшлийн талбайд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх тохижилт, тоглоомын талбай байгуулах
- Камержуулалт, гэрэлтүүлэг, автомашины зогсоолыг нэмэгдүүлэх
- Өрхийн эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж, гадна талбайн тохижилтыг сайжруулах
- Авто замын засвар, шинэчлэл хийх
- Орон сууцны байрны дээвэр, засварыг хийх
- Худаг, усан санг нэмэгдүүлэх
- Ногоон байгууламж бий болгох
- Үерийн ус зайлуулах суваг, шуудуу, хоолой хийх
- Нийтийн бие засах газар барих, сэргээн засварлах, тохижуулах зэрэг асуудлуудад хамгийн их санал иржээ.
ОНХС нь орон нутгийн хөгжлийг дэмжих, төвлөрлийг сааруулах, хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зөвхөн иргэдийн санал дээр үндэслэн төсөл арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлдэг. Нийслэлийн хэмжээнд ОНХС-гийн хөрөнгөөр хийх төсөлд иргэдийн саналыг жил бүрийн эхний зургаан сард багтаан цаасан хэлбэрээр авдаг байсан бол 2018 оноос Smart UB гар утасны аппликейшнээр авч эхэлсэн. 2021 онд нийслэлийн есөн дүүргийн 171 хороонд 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулж, нийт саналын эрхтэй иргэдийн 46.3 хувь нь оролцож байв. Мөн MMCG хөндлөнгийн аудитын үнэлгээгээр 2022 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн 80-90 хувь нь иргэдийн санал дээр үндэслэгдэж, батлагдсан гэх дүгнэлт гарсан. 2022 оноос эхлэн төсөл, хөтөлбөрт иргэдийн саналыг улс даяар цахимаар авах зорилготой ОНХС-гийн удирдлагын мэдээллийн систем болон ОНХС гар утасны аппликейшнийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлээд байна. Тус аппликейшнийг ашиглан иргэд саналаа өгөхөөс гадна ОНХС-гийн цаг үеийн мэдээ, өөрийн аймаг, нийслэл, сум дүүрэгт хуваарилагдсан ОНХС-гийн төсөв, иргэдийн гаргасан санал, тендер шалгаруулалт, ажлын явц, санхүүжилтийн хуваарь, хууль, эрх зүйн мэдээлэл авах болон тухайн хөрөнгө оруулалтад өргөдөл, гомдол гаргах гэх мэт олон талын дата мэдээллүүдийг гар утас болон цахим хуудсаар нэвтрэн авах боломжтой болсон юм. НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс аливаа бүтээн байгуулалтыг хийхдээ хэнд зориулж хийж байгаа вэ гэдгээ бодолцох ёстойг онцолж байв.
Мөн НИТХ-аар нийслэлийн өмчид барилга, байгууламж бүртгэн авах, бүртгэлээс хасах тухай асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, 2022 онд ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн өргөтгөл, 116-р цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэж авах асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар баталлаа. Мөн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28-р хороонд барьсан ус, дулаан дамжуулах төвийн зургаан барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэв.
Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах хүрээнд Баянзүрх дүүргийн 5, 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёр барилга буюу тус дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг актлах, нийслэлийн ерөнхий боловсролын 30-р сургуулийн гараашнуудыг буулгасан тул өмчийн бүртгэлээс хаслаа. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 17, 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орхон түшээ мөрөн” өрхийн эмнэлгийн хуучин барилга, Гачуурт тосгоны өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг бүртгэлээс тус тус хасах тогтоолын төслийг батлав.