С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
1.2 сая м.кв нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэнэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 100 хүнийг бэлтгэж, эмнэлэг төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Сэлбэ, Дунд голын эрэг, Энхтайваны гүүрний доод хэсэг, Нарны зам дагуух нүхэн гарцуудын орчим үерийн далан суваг, дулааны шугам, төмөр замын хамгаалалтын зурвас дагуу нийт 1.2 сая м.кв нийтийн эзэмшлийн талбайд ургасан шарилж, лууль, хөл газрын ургамлыг цэвэрлэхээр болжээ.
Хуваарийн дагуу өчигдрөөс Баруун 4 замаас Гэсэр сүм, Баянбүрдийн тойрог чиглэлийн зам дагуу болон үерийн далан дагуу ургасан шарилж луулийг цэвэрлэж эхэлжээ. Шарилж, лууль, хөл газрын ургамалын ургалтыг зогсоох зориулалттай, хүний биед хор нөлөөгүй, БНСУ-д үйлдвэрлэсэн био бэлдмэлийг турших аж.
Энэ оны хувьд шарилж, лууль, хөл газрын ургамалын ургалтыг зогсоох зориулалттай, хүний биед хор нөлөөгүй, БНСУ-д үйлдвэрлэсэн био бэлдмэлийг /13тн/ 1.5-2.0 га талбайд туршихаар болжээ. Уг бэлдмэлийг зохион бүтээсэн Солонгос эрдэмтэн Улаанбаатарт өчигдөр ирсэн бөгөөд уг бэлдмэлийг хэрэглэх талаар заавар зөвлөгөө өгч ажиллах юм байна.
Нийслэлийн Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК-ийн нийт 920 зам талбайн үйлчлэгч, 250 иргэдийн бүлгийн ажилчид орон сууцны болон гэр хороолол доторх туслах зам, гуу жалганд ургасан шарилж, лууль хөл газрын ургамлыг өдөр бүр хуваарийн дагуу тогтмол цэвэрлэх аж.
Мөн “Шарилжгүй Улаанбаатар бүх нийтийн их цэвэрлэгээ”-г энэ сарын 29-нд буюу бямба гарагт зарлалаа. Энэ өдөр гэр хорооллын айл өрхүүд өөрийн хашаан доторх болон гадна ургасан шарилж луулиа цэвэрлэж, орон сууцны хорооллын айл өрх, СӨХ-үүд хүүхдийн тоглоомын талбай, байрны орчимд ургасан шарилж луулийг, ААНБ-ууд өөрийн хашаан доторх болон орчны 50м хүртэлх нийтийн эзэмшлийн талбайд ургасан шарилж лууль хөл газрын ургамалыг цэвэрлэж оролцох юм. Иймд Шарилжгүй Улаанбаатар аянд нийслэлийн нийт иргэд, ААНБ-ууд идэвхтэй оролцож, харшлын өвчлөлийг хамтдаа нэгдэж бууруулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриаллаа.
"Шарилжгүй Улаанбаатар" аяны нэгдүгээр үе шат энэ сарын 20-ноос ирэх сарын 5-ны хооронд 15 хоног, хоёрдугаар үе шат наймдугаар сарын 5-20-ны хооронд 15 хоногийн хугацаанд тус тус явах гэнэ.