"Бизнесийн хамтын ажиллагааг дэмжих чухал алхам болсон"

Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ жил тохиож байна. Үүний хүрээнд Шадар сайд С.Амарсайхан тус улсад ажлын айлчлал хийж байна. 

Тус ажлын айлчлалын үеэр Шадар сайд С.Амарсайхан Монгол, Британийн худалдааны танхимын тэргүүн Жон Грогантай уулзаж Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хот байгуулалт, дэд бүтэц, бүтээн байгуулалтын олон төсөлд тус улсын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах боломж болон хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааны талаар санал солилцсон юм.  

Мөн тэрбээр Монгол, Британийн худалдааны танхимаас хоёр орны бизнесийн байгууллагын харилцаа, холбоог бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, худалдааг идэвхжүүлэх чиглэлд идэвхи зүтгэл гарган ажиллаж байгаад талархал илэрхийллээ.  

Худалдааны танхимын тэргүүн Жон Гроган Монгол Улс ИБУИНХУ-ын иргэдийг түр хугацаанд визгүй зорчих улсуудын жагсаалтад оруулсан нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих чухал алхам болсонд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.