Т.Ганболд: Би 10 мянган ам.доллар хандивлахгүй

Монгол Улсын шигшээ багийн холбон тоглогч, шилдэг залуу тамирчин О.Дөлгөөний эмчилгээний зардалд зориулсан “Дөлгөөнд туслах хандивын аян” үргэлжилж байна.  Энэхүү аянд “Алтан дорнод” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд 10 мянган ам.доллар хандивласан гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл тэрбээр уг мэдээллийг үгүйсгэсэн байна. Тодруулбал, өөрийн твитер хуудсаар дамжуулан “Зарим нэг хүн худлаа мэдээлэл тавих юм. Бодвол бусдыг уриалах санаатай юм болов уу. Би 10 мянган ам.доллар хандивлаагүй. Ингэснээр тус биш ус болж байгаа юм шүү” хэмээжээ.

Тэрбээр ийм мэдэгдэл гаргасан бол одоогийн байдлаар О.Дөлгөөн хүүд төр нийгмийн болоод урлаг, спортын салбарын цаашлаад энгийн олон мянган иргэн туслахаар гараа сунгаад буй.

Жишээлбэл, Асашёорюү Д.Дагвадорж 10 сая төгрөгийг хандивлахаа мэдэгдсэн бол ЭМЯ-аас 5 сая төгрөг гаргуулахаар болсон тухайгаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдсэн байна. Мөн "PC mall"-ын хамт олон 5 сая төгрөг, "UB comedy" хамтлагийн залуучууд пүрэв гариг дахь тоглолтынхоо бүх орлогыг хандивлахаар болжээ.