Ж.Оюунтунгалаг: Энгийн ардын хүүхэд би ерөнхий шүүгч хийж болохгүй юу

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ж.Оюунтунгалаг мэдэгдэл хийлээ. Түүнийг Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр авлига авсан байж болзошгүй гэж үзэн өнгөрсөн баасан гарагт АТГ-аас байцааж, гэрт нь нэгжлэг хийсэн байдаг. Үүнээс өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн билээ.


Тэрбээр “Би МУИС-ийн хуулийн сургуулийг төгсөн, дараа нь ОХУ-ын техникийн их сургуулийн хуулийн сургууль, Япон улсын Нагоягийн их сургуульд хууль зүйн ухааны доктор хамгаалсан хүн. Надад хуулийн сургуульд багшилж байх хугацаандаа болон хуульчаар ажиллаж байхдаа ч,  Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад газар ажилд орж байхдаа хээл хахууль өгсөн, авсан, танил талаар дамжуулсан, хуулийн гадуур үйл ажиллагаа явуулж, бусдаас авлига авч, албан тушаал наймаалцаж байсан тохиолдол нэг ч байхгүй. Би өнөөг хүртэл өөрийн  мэдлэг чадвар тулгуурлан үнэнчээр ажиллаж ирсэн. Шүүхэд төрөл садангийн хэлхээ холбоо үүсгэсэн зүйл ч байхгүй. Шүүх, хууль хяналтын байгууллагад хэрэг, албан тушаал наймаалцах, ашиг сонирхлын зөрчил үүсгэх, тэр зүйлдээ хамрагдаагүй бусдыгаа шахаж хавчих сүлжээ байгаа бол үүнийгээ шалгах эрх зүйн орныг бүрдүүлээч ээ. Зөв арга замаар ажиллаач ээ гэж хэлмээр байна.

Намайг ерөнхий шүүгч болоход залуу хүн, эмэгтэй хүн, ааштай хүүхэн гэсэн шүүмжлэл байнга л ирдэг байсан. Өөрийгөө ийм хэрэгт холбогдсонд үнэхээр гайхаж байна. Монгол Улсад шүүх тогтолцоо хэн нэгнийг шууд гүтгэдэг шударга бус тогтолцоо руу орсон бол энгийн ардын, өөрийнхөө бор зүрхээрээ хөдөлмөрлөж, сурсан мэдсэн зүйлдээ итгэлтэйгээр ажлаа хийгээд явж байгаа хүнийг үүндээ хамруулж болохгүй. Хэрвээ үнэнч шударгаар ажилладаг, хэний ч нөлөөнд автдаггүй хүнийг гүтгэж байгаа бол үүнийхээ эсрэг хуулийн дагуу үндэслэл тавих хэрэгтэй.

Үнэнчээр ажилладаг энгийн ардын хүүхэд би ерөнхий шүүгч, шүүгч хийж болохгүй юу. Энэ асуултуудыг бий эрх баригч нарт тавимаар байна. Зохих хууль тогтоомжийн хүрээнд асуудлаа шийдэх нь зөв байх. Миний хувьд хэнээс ч, юунаас ч айхгүй байна. Учир нь би ямар ч асуудлаар хэнтэй ч ямар нэгэн эрх ашиг, авлига хээл хахуулийн асуудалд оролцож байгаагүй. Надад айх зүйл байхгүй учраас олон нийтэд хандаж хэлж байна. Шударга сэтгүүл зүй, шударга улс, шударга шүүгч гэж байдаг. Ард түмний итгэл үнэмшил гэдэг зүйл байдаг юм бол энэ асуудлыг зөвөөр шийднэ гэж итгэж найдаж байна” гэсэн юм.