Шүүгч С.Төмөрбатыг АНУ-д саатуулжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 26-нд 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлиг гаргасан. Мөн шүүгч нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан байж болзошгүй тул хуулийн дагуу шалгуулахын тулд дээрх зарлигийг гаргасан тухай УИХ-ын дарга мэдэгдсэн байдаг. Тэгвэл хуулийн байгууллагад шалгагдаж буй шүүгчдийн нэг болох, Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат АНУ-ын хил дээр саатуулагджээ.

Тэрбээр гэр бүлийн хамт биедээ их хэмжээний бэлэн мөнгөтэйгөөр тус улсын хилээр нэвтрэх гэж байжээ. Зургаадугаар сарын 26-нд буюу Ерөнхийлөгчийн зарлиг гарсны орой тэрбээр гэр бүлийн хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давж, ОХУ руу орсон байна. С.Төмөрбат нь Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа нас барсан Гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт 7-8 шүүгч холбогдсон хэмээн хэд хоногийн өмнө мэдэгдсэн. Тэгвэл тэдний нэг болох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр талийгаач Л.Бямбаа болон Нийслэл, Улсын дээд шүүхийн шүүгч нарт хахуулийн мөнгийг нь зөөж өгсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоосон тухай гэх мэдээлэл байгаа юм. Мөн Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа прокурор, мөрдөгч нар нэр бүхий шүүгчдийн гэрт нь нэгжлэг хийсэн билээ.