Хил давж, орогнол хүссэн С.Төмөрбатын араас бусад шүүгчид бултахгүй гэх баталгаа бий юү

Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбатыг АНУ-ын хил дээр саатуулжээ. Шалтгаан нь гэр бүлийнхээ хамт явж байсан тэрбээр их хэмжээний мөнгө биедээ авч явсан гэж үзжээ. Үүнээс үүдэж өнөөдрийн төдийгүй ирэх өдрүүдийн халуун сэдэв С.Төмөрбаттай холбогдох нь тодорхой болж байна. Сонирхолтой нь, түүнийг саатуулсан тухай мэдээлэл түгэхтэй зэрэгцэн АНУ-аас орогнол хүссэн гэх шуум явсан нь мөн л анхаарал татаж эхэллээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 26-нд зарлиг гаргаж, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Мөн шүүгч нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан байж болзошгүй тул хуулийн дагуу шалгуулахын тулд дээрх зарлигийг гаргасан тухай УИХ-ын дарга Г.Занданшатар нэмж мэдэгдсэн юм. Эх сурвалжуудын мэдээлснээр шүүгч С.Төмөрбат нь Төрийн тэргүүн зарлиг гаргаж, бүрэн эрхийг түдгэлзүүлсэн орой гэр бүлийн хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давж, ОХУ руу оржээ.

Авлигатай тэмцэх газраас хилийн хориг тавихаас урьтаж гарсан гэсэн үг. С.Төмөрбат нь Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа нас барсан Гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү юм. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн өмчлөлтэй холбогдуулж монголчууд нийгмээрээ, улс төрийн хүрээнд ч тэр гурван жил улстөржсөөр өнөөдрийг хүрч буй. Харин эл сэдэвтэй зэрэгцэхүйц төвшинд орж ирсэн асуудал нь Салхитын мөнгөний орд. УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын “гал тогоо”-г зангидаж байхдаа тагнуул, цагдаагийн байгууллагын төлөөллийг дагуулан Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний ордод гүйцэтгэх ажиллагаа явуулан төрд авсан нь өнгөрсөн нэгдүгээр сарын үйл явдал. Энэхүү үйл явдлын араас олон ч шүүмжлэл явсан, тэр хэрээрээ УИХ-ын гишүүдийг ярих “сэдэв”-тэй болгож байв. Хамгийн сүүлд УИХ-ын дарга Г.Занданшатар Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт 7-8 шүүгч холбогдсон тухай хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзах үеэрээ мэдэгдсэн. Спикер Г.Занданшатарын тайлбараас хойш юу болж өнгөрөв?.

Бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ж.Оюунтунгалаг хэвлэлийн бага хурал хийж өөрийг нь Асгатын мөнгөний ордын хэрэгт холбоотойгоор хээл хахууль авсан гэж түдгэлзүүлсэн гэдгийг зарлав. Мөн “Авлига аваагүй учраас хэнээс ч, юунаас ч айхгүй байна” гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл тус ордтой холбоотой гэгдэх С.Төмөрбатыг АНУ-ын хил дээр саатуулав, Монголын шүүгч АНУ-ын хил дээр саатуулагдсан тухай мэдээлэл түгэхтэй зэрэгцэн тус улсаас орогнол хүссэн талаарх шуум давхар түгэв. Эндээс нэг асуулт гарч ирж байна. Тэр нь шүүгч С.Төмөрбатын орогнол хүссэн хүсэлтийг АНУ ёсоор болгох уу?.

Энэ талаарх асуудлыг Монголд, манайд хууль эрх зүйн орчиндоо хэрхэн тусгасан бэ. Учир мэдэх нэгний яриагаар ямар нэгэн зохицуулсан зүйл заалт байдаггүй аж. Нэг үгээр АНУ-ын холбогдох албанаас С.Төмөрбатын хүсэлтийг хүлээж авсан тохиолдолд Монголын хууль хяналтын байгууллагын “боломж” хязгаарлагдана гэсэн үг. Гэмт хэрэгт холбогдсон эсэхийг нь шүүхээр эцэслэн тогтоосон ч АНУ-ын талаас түүнийг хүлээлгэж өгөх боломжгүй хэрэг. Учир нь, нэгэнт орогнол олгосон тохиолдолд тухайн иргэнийг хэзээ ч явуулдаггүй нь АНУ-д тогтсон жишиг гэдгийг зарим хуульч хэлж байна. Шалтгаан нь хүний эрхийг дээдэлдэг улс гэсэн утгаараа.

Тэр тохиолдолд С.Төмөрбатын адил бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 16 шүүгчийн асуудал сөхөгдөж таарах нь. Өөрөөр хэлбэл, С.Төмөрбат шиг шалгуулахаар болсон 16 шүүгч хил давж, аль нэг улсаас орогнол хүсэхгүй гэсэн баталгаа өнөөдөр байхгүй. Адаглаад тухайн 16 шүүгч Монголд үйл ажиллагаа явуулж буй дипломат харилцаатай аль нэг улсын Элчин сайдын яаманд орогнол хүссэн хүсэлт гаргасан тохиолдолд манай хууль хяналтын байгууллагынхан тийш нэвтрэх эрхгүй. Тухайн улсынхаа хууль дүрмээр явах аж. Яг л “60 тэрбум”-ын гэх хэргийн асуудлаар “Шүгэл үлээсэн” Г.Доржзодов Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт орогнож, мэдэгдэл хийж байсан шиг.

Нөгөөтэйгүүр “Шинэ төмөр зам төсөл”-ийн хэрэгт холбогдуулж АТГ-т ороогдох болсон “Либерти партнерс” компанийг үүсгэн байгуулагч Ч.Ганбат АНУ-аас орогнол хүсч байсан шиг. Угтаа бол 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд гэмт хэрэгт холбогдон шалгуулж байгаа нэгэнд таслан сэргийлэх арга хэмжээ авах ёстой гэдгийг хуульчид хэлж буй. Гэвч хуулийн хэрэгжилт хангалтгүй, түүнийг хэрэгжүүлэхийг эрмэлздэггүй нь гэмт хэрэгт сэжиглэгдсэн нэгнийг хил давах боломж олгосоор буйг С.Төмөрбатын жишээ харуулж байна. Эцэст нь хэлэхэд шүүхээс гэмт буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож болохгүй гэсэн хуулийн заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж буйг энд тодотгох хэрэгтэй.