Бээжингээс Вашингтонд тунхагласан Монголын ДУУ ХООЛОЙ

АНТОНИ ГУТЕРРИШ, АНДЖЕЙ ДУДА, ЭММАНУЭЛ МАКРОН. Энэ бол жил хүрэхгүй хугацаанд Монгол Улсад хийсэн Төрийн дээд хэмжээний айлчлалын дэс дараалал. НҮБ-ын дарга болон Польш тэгээд Франц улс Ерөнхийлөгчийнхөө түвшинд ирсэн гэсэн үг. БНХАУ, ОХУ-аас гадна БНСУ, Япон тэргүүтэй “гуравдач хөрш”-ийн Гадаад харилцааны сайд нарын айлчлалыг нэмж тооцвол эл дарааллын агуулга улам баяжина. Энэ хооронд Монгол Улс Төрийн тэргүүний түвшинд, тэгэхдээ ажиглагчийн статустайгаар оролцож ирсэн ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин айлчлал хийгээд буцсан нь өнгөрсөн дөрөвдүгээр сар.

Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа ШХАБ дахь статусаа шат ахиулах цаг нь болсон тухай Эдийн засгийн форумын индрээс цочир мэдэгдэл хийж байснаас бусдаар ажиглагчийн байр сууриас асуудалд хандах нь Монгол Улсад хэрэгтэй, бас “Гуравдагч хөрш”-ийн орон зайгаа тэлэх дипломат бодлогод дэмтэй. Лав л Узбекистаны Самарканд хотод зохион байгуулсан ШХАБ-ын ээлжит уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс ажиглагчийн статусаа хадгална гэдгийг Жан Мин даргад илэрхийлж байсан удаатай.

Улс төр, эдийн засаг, геополитик талаасаа хамрах хүрээ нь том, Евроазидаа төдийгүй дэлхийд нөлөөтэй байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад Монгол Улсыг зорих шалтгаан үгүй. Ажиглагчийн статус авсан 2004 оноос хойшхи 19 жилийн хугацаанд ердөө дөрөвхөн удаа Монголд ирсэн түүхтэй. Жан Мин ирээд буцсаныг нэмж тооцвол шүү дээ.  

Гагцхүү ШХАБ-ын генсекийн айлчлал өөрөө учиртай, бас шалтгаантай байлаа. Ерөөс дэлхий нийтээрээ гео стратегийн шинэ хуваарилалтад шилжиж эхэлсэн эгзэгтэй цаг үед Монгол Улсын байр суурийг дахин асуух дипломат тандалт байв. Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс өмнөх байр сууриа уламжилсан нь гэнэтийн биш эсрэгээрээ бодит хариулт болсон юм. Үндсэндээ нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогын хүрээнд Монгол Улсын дипломат харилцаанд “Гуравдагч хөрш”-ийн оролцоо жин дарж эхэлснийг Жан Мин дарга гадарлаад буцсан нь тэр.

Сонирхолтой нь, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг ирээд буцсанаас сар гаруйн дараа Францын Ерөнхийлөгч анх удаагаа айлчилж, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг хэд хэдэн салбарт хамтран ажиллахаар тохиролцсон нь Монголын гадаад харилцаанд бас нэгэн түүхийн шинэ хуудсыг нээсэн юм. “Их долоо”-гийн уулзалтаас шууд Улаанбаатарт газардсан Э.Макрон ч НҮБ-ын дарга, Польшийн Ерөнхийлөгчийн адил Монголыг дэлхийн нийтийн анхаарлын төв цэг болгоод буцсан. Араас нь Монголын Засгийн газар, Хуулийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг уран олборлолтоор тэргүүлэгч Францын “Орана”-тай хэлэлцээрийн ширээнд суугаад багагүй хугацаа өнгөрч байна.

БНХАУ, АНУ. Он гарснаас хойш Монголын Ерөнхий сайдын дарааллан айлчлал хийсэн хоёр улс. Эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийд нэг, хоёрдугаарт эрэмбэтэй эл хоёр их гүрний нэг нь Монголын мөнхийн хөрш. Нөгөөх нь “Гуравдагч хөрш”-ийн онцгой харилцаатай улс. Агуулгын хувьд БНХАУ-д жил дарааллан айлчлал хийсэн ч Төрийн зөвлөлийн шинэ Ерөнхий сайдтай нь уулзлалт хийсэн анхны гүйцэтгэх засаглалын тэргүүн болсноороо онцлог. Монгол Улсын экспорт, импортын дийлэнх хувь нь хамаардаг, бас хараат гэдгээрээ БНХАУ-тай бид өнгөрсөнд ч, өнөөдөр ч, маргааш ч мөнхийн харилцаатай, мөн дипломат бодлогоороо бат холбогдох нь туйлын үнэн. Эхний жил нь зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцож, 14 жил таг зогссон төмөр замын өргөн, нарийн царигийн маргааныг эцэслэсэн.

Харин энэ удаад зүүн босоо чиглэлийн буюу Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын чиглэлд 1.8 тэрбум ам.долларын бүтээн байгуулалтын гэрээг үзэглэж амжив. Ингэснээр, энэ ажлыг эрчимжүүлж, ашиглалтад оруулснаар Монгол, ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын зүүн коридор албажиж, Евроазийг холбосон хоёр дахь маршрут бий болох юм. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг 2024 онд ашиглалтад оруулахаар “Чайна энержи" группийн ТУЗ-ийн даргатай тохиролцсон нь айлчлалын гол мессеж байв.

Уг айлчлалаас ердөө сар хүрэхгүй хугацааны дараа АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар тус улсыг зорьсон нь саяхан. НҮБ-ын эгнээнд нэгдсэн 193 орноос АНУ ердөө 17-той нь “Стратегийн түншлэл”-ийн харилцаатай явдгийн нэг нь Монгол Улс. Үүгээрээ Ерөнхий сайдын айлчлал эхний өдрөөсөө л анхаарлын төв цэг болсон. ОХУ, Украины дайн, АНУ, БНХАУ хоорондын худалдааны маргаантай асуудлаар хэмжигдэж эхэлсэн цаг үед Монголын Ерөнхий сайд байр суурь юугаар илэрхийлэгдэж, ямар тохиролцоонд хүрэх эсэх нь мэдээж мөнхийн хоёр хөршид нэн сонирхолтой, чих тавих шалтгаан нь. 

Гагцхүү Ерөнхий сайдын хувьд тэргүүлдэг Засгийн газрынхаа гол хөшүүрэг, имиж болж эхэлсэн дипломат бодлогынхоо үндсэн агуулгаас гажсангүй. Гэдэг нь нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогынхоо чиг шугамаас хазайлгүйгээр Дэд Ерөнхийлөгч К.Харристай албан ёсны хэлэлцээ хийлээ. Араас нь Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзаж, хоёр орны “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлж, бэхжүүлэх талаар санал солилцов. 

Энэ хооронд АНУ-ын Засгийн газрын түвшний 10 гаруй сайдтай уулзалт хийж, тус улс руу шууд нислэг хийхээс эхлээд хэд хэдэн асуудлыг эцэслэн шийдвэрлэв. Технологийн салбарын магнат “Google”-д зочилж, 10,000 багш, 1000 инженер бэлтгэхээр боллоо. Өмнө нь Монгол Улс төр, засгийн тэргүүний гадаад айлчлал, тэр дундаа их гүрний бодлого тодорхойлогчидтой хийдэг уулзалт зээл, тусламжийн агуулгатай байж ирсэн нь энэ удаад харилцан ашигтай байдал руу шилжиж эхэлсэн нь мэдээж дэвшил. Төмөр зам, түүний хөдлөх бүрэлдэхүүний амин судас болсон цариг тойрсон олон жилийн дотоодын улс төрийг намжааж, тээг болж ирсэн гацааг нэг мөр цэгцэлснээ ойлгуулах нь Ерөнхий сайд хоёр дахь удаагаа БНХАУ-ыг зорих шалтгаан байв. Асуудлын учиг тэдэнд биш бидэнд байдаг, байж ирсэн болохоор л тэр.

Тэрхүү зорилгоо ч биелүүлсэн. Тэдгээр ажил хэрэгч, албан уулзалтуудын бэх нь хатаагүй, хатаж амжаагүй байхтай зэрэгцэн АНУ-ыг зорьсон нь ч агаар нэг шалтгаантай. Ерөөс Монгол Улс зөвхөн ОХУ, БНХАУ гэсэн мөнхийн хоёр хөршөөрөө хязгаарлагдахгүйгээр “Гуравдагч хөрш”-тэйгөө ч ижил түвшинд харилцаатай, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрт хамтарч ажиллах бүрэн боломжтой болж эхэлсний дохио. Үндсэндээ Монгол Улсын гадаад бодлого өрхөө татаж, үүдээ нээсний хамгийн энгийн бөгөөд бодит жишээ нь Бээжингээс Вашингтонд тунхагласан Монголын ДУУ ХООЛОЙ болов.

ОДОО БИДЭНД ГАНЦХАН АСУУДАЛ БИЙ. Тэр нь сар хүрэхгүй хугацаанд БНХАУ, АНУ-д дарааллан хийсэн Ерөнхий сайдын айлчлалаар албажиж, тохиролцсон асуудлыг баллуурдаж, бас гацааж, нураахгүйхэн шиг бодит ажил хэрэг болгоод явах. Хамгийн үнэн бөгөөд хорлонтой нь дотоодын улс төр, түүнийг дагасан ашиг сонирхол гэдгийг өнгөрсөн 13 жилийн хугацаанд хангалттай харлаа, алдуурсан боломжийнх нь өртөг 80 их наядаар хэмжигдэж буй талаар халаглаж сууцгаалаа. Ийм байдалд орохгүйн тулд, ийм боломжийг дахин салхинд хийсгэхгүйн тулд нэг амтай, нэг чигтэй, эцсийн дүндээ нэг л зорилготой байх нь бидэнд хэрэгтэй, ирээдүйд дэмтэй.

Г.Эрхэс