С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Үндэсний Ассамблей дахь Ард Түмний Хүч Намын бүлгийн дарга Ким Ги Хёнь-тэй уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцохоор Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Албан айчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Ард Түмний Хүч Намын бүлгийн дарга Ким Ги Хёнь-тэй уулзлаа.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Ард Түмний Хүч Намын бүлгийн дарга Ким Ги Хёнь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай биечлэн уулзаж байгаадаа баяртай байна гээд манай хоёр улсын харилцаа улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэв. Тэрбээр, 2011 онд манай хоёр улсын парламент Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар хамтын ажиллагаа тасралтгүй, идэвхтэй үргэлжилж байгаад баяртай байна. Улсын Их Хурлын даргын энэхүү айлчлал нь манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд томоохон түлхэц болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд Улсын Их Хурлын даргын БНСУ-д хийж буй айлчлалд өндөр амжилт хүслээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, БНСУ-ын харилцаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн түвшинд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэв.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас парламентын ардчиллыг бэхжүүлэх, ардчиллын төлөөллийг хангах зорилтын хүрээнд эрх зүйн шинэчлэл хийж, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдах 126 гишүүнтэй, сонгодог парламентын мэтгэлцээний зарчимд шилжүүлэх чиглэлээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн сайн туршлагыг бид судлаж байна. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Улсын Их Хурлын хуралдааны дэг, мэтгэлцээний зарчим, парламентын хяналт шалгалтын процессыг шинэчлэхээр ажиллаж байна.
Түүнчлэн эртний түүхэн харилцаатай Монгол Улс, БНСУ нь хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй бөгөөд манай гуравдагч хөрш, ойр дотны түнш орон юм хэмээн цохон тэмдэглэв.
Үндэсний Ассамблей дахь Ард Түмний Хүч Намын бүлгийн дарга Ким Ги Хёнь Улсын Их Хурлаас парламентын ардчиллыг бэхжүүлэхээр хэрэгжүүлж буй бодлого, мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн эрх зүй зохицуулалтыг сонирхон асууж байв.