Орон сууцны 5450 орчим байранд халаалт өгчээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга найман чиглэлээр үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 83 хувьтай байжээ. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд рүү хандсан зөвлөмж, сургалтуудыг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд хараа хяналт сул, хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдэж болзошгүй, тэнэмэл зэрэг нийт 226 хүүхдийг олж тогтоосон байна. Мөн хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн 123 иргэнийг 7-30 хоног баривчлуулж, хүүхдийн бие махбодод халдсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан, үл хайхарсан, хүчирхийлэл үйлдсэн зэрэг хүүхдийн эрхийг зөрчсөн 128 иргэнд торгууль ногдуулжээ.

Хорооллын дундах болон туслах замын эвдрэл гэмтэл, авто замын тэмдэг, тэмдэглэгээг засварлах ажлуудаа эрчимжүүлж, дуусгах үүрэг өгсөн. Авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлийн хүрээнд нийт 16 байршилд 9.21 км авто замд засварын ажил хийхээр төлөвлөснөөс 14 байршлын 8.51 км замд засвар шинэчлэл хийлээ. Хоёр байршлын 0.7 км замын засварын ажил үргэлжилж буй бөгөөд 90.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр төвийн зургаан дүүргийн гол болон туслах 148 гудамж, замд 82,803 ам метр нүхэн эвдрэл засварлаж, 87.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Хотын дарга Улаанбаатар хотын дулаан хангамжийн ашиглалтын хэвийн ажиллагаа, шугам сүлжээний их, урсгал засварын ажлын явц болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Г.Баярсайхан “Хотын хэмжээнд халаалт авах орон сууцны 5500 байр байдгаас 5450 орчим нь дулаанд холбогдсон. 150 сургууль, 195 цэцэрлэг, 95 эмнэлэг, 675 аж ахуйн нэгж дулааны эрчим хүчээр хангагдаад байна. Халаалт аваагүй орон сууцны 50 гаруй байр байгаа нь шугамын гэмтэлтэй холбоотой” гэсэн бол

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр “Манай газрын шугам сүлжээний их болон урсгал засварын ажил дууссан. Халаалт өгч эхэлснээс хойш олон гэмтэл гарсныг тухай бүр засаж, янзалсан. Одоо дөрвөн гэмтлийг засаж байна. Халаалтгүй байгаа 55 байрнаас 24-ийг нь өнөөдөр орой гэхэд дулаанд холбоно. Бусад гэмтлийг ойрын хугацаанд засаж дуусгана” гэлээ.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Техник, ашиглалт засварын хэлтсийн дарга Ш.Хосбаяр “Өвөлжилтийн бэлтгэл, техник засварын ажлыг зургаадугаар сарын 1-нээс аравдугаар сарын 15-ны хооронд хийж дуусгахаар гүйцэтгэл 85 хувьтай байна. Урсгал засварын ажлыг хийж дууссан. Өвлийн их ачааллын үед найдвартай ажиллагааг хангах зорилгоор гурван шугамд их засварын ажлыг хийсэн. Хоёр шугамын ачааллыг нэмэгдүүллээ” гэлээ.