С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Сайжруулсан түлшний талаарх Ц.Даваацэрэн захирлын ҮГ
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, чанарын асуудлаар “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн Агаарын бохирдлыг бууруулах асуудлын Дэд хороонд мэдээлэл хийжээ.
“Тавантолгой түлш” ХХК өнөөдөр үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Энэ зун 120 мянган тонн шахмал түлшний нөөцийг 9 дүгээр сарын 15-н гэхэд бүрдүүлж, нийслэл хоттой хамтраад агуулахуудад хадгалж, өвлийн бэлтгэлээ хангаад байгааг гүйцэтгэх захирал мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ хоногтоо 1500-1800 тонн шахмал түлш үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргээд байна. Үйлдвэрийн технологийн тухайд стандартын дагуу үйлдвэрлэл, үйл ажиллагаа хэвийн явж байна. Таван толгойн ордоос “Энержи Ресурс” компанийн баяжуулах үйлдвэрт баяжигдсан завсрын бүтээгдэхүүн болгох эрчим хүчний нүүрс, мидлингийг төмөр замаар татаж байна. Өнөөдрийн байдлаар 170 мянган тонн мидлингийн нөөцтэй, 120 мянган тонн бэлэн шахмал түлшний нөөцтэйгөөр үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэв.
Технологийн асуудалд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Дотоодын барьцалдуулагч “Баргил тех” компанийн хийсэн барьцалдуулагчийг тодорхой хувь дээр ашиглаж байна. Мөн цардуулд суурилсан барьцалдуулагч болон шуудайг импортоор авч хэрэглэж байгаа. Бид үндсэн гурван түүхий эд болох мидлинг, барьцалдуулагч, шуудайн нөөцийг бүрдүүлэх ёстой. Шуудайны тухайд импортын бүх гэрээнүүд нь хийгдэж байна. Дотоододоо ганцхан “Гранд Лаки” гэж шуудайны үйлдвэр л манай стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Уг компанитай нийт бүтээгдэхүүнийхээ 10 хувьд гэрээ хийдэг бөгөөд тус компанийн хүчин чадал нь энэ. Дотоод журмын дагуу бид барьцалдуулагч нь 50 хувиас дээш цардуултай барьцалдуулагчийг авдаг. Гарч байгаа бүтээгдэхүүний хувьд MNS 56.79 гэсэн стандартын дагуу үзүүлэлтүүд хэвийн гэсэн товч мэдээлэл өгсөн.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, С.Одонтуяа, Т.Аубакир, Г.Ганболд, Ш.Адьшаа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлж байлаа.
Гишүүд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нийслэлийн зарим бүсэд тархсан “үнэр”-ийг тодорхойлсон эцсийн дүгнэлт, агаарын чанарыг тодорхойлдог баталгаатай багаж, тоног төхөөрөмжийг хэрэглэж байгаа, эсэх болон нүүрсний угаараас хордон нийт хэчнээн хүн амь эрсэдсэнийг тодруулж байлаа. Мөн агаарын бохирдлыг бууруулахын тулд нийслэл хотыг орон сууцжуулахад хэчнээн их наяд төгрөг шаардлагатай талаар, дотоодын болон БНХАУ-аас нийлүүлдэг барьцалдуулагчийг дотоодын итгэмжлэгдсэн лабораториудад шинжлүүлсэн, эсэх, сайжруулсан түлшний үйлдвэрийг нийслэлийн Засаг даргын харьяанд шилжүүлж, хариуцлагыг нь үүрүүлэх боломжтой талаар лавлаж байлаа.
Хуралдааны төгсгөлд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Г.Ганболд нийгмийг талцуулаад байгаа хагас коксжуулсан сайжруулсан түлшний туршилт болон хэдхэн хоногийн өмнө нийслэлийн зарим хэсгийн агаарт дэгдсэн үл мэдэх үнэрийн шалтгааны талаар нэгдсэн мэдээлэл авах зорилгоор дэд хорооны хуралдаан хийснийг онцлоод улмаар 37 тэрбум төгрөгөөр хагас кокс орж ирэхгүй, туршилт хийхгүй, улмаар нийслэлийн Налайх дүүрэг орчимд аюултай хог хаягдал булшилдаг компани хаягдлаа бохирын шугамд хийсэн гэх мэдээллийг авлаа. Иймд цаашид тухайн компанид хариуцлага тооцох ямар арга хэмжээ авсан, үүнтэй холбоотой үүссэн эрсдэлийн талаар Дэд хороонд бичгээр мэдэгдэх, түүнчлэн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, томоохон хөрөнгийн гүйцэтгэл, үр дүнгийнхээ талаар ойрын хугацаанд мэдээлэл хийхийг даалгалаа.