С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
“Охид нь хөвгүүдийнхээ төлөө” санаачилга дэвшүүлэв
Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 155 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн анхдугаар хурлын үеэр Гадаад харилцааны сайд “Охид нь хөвгүүдийнхээ төлөө” буюу “She for He” санаачилгыг дэвшүүлсэн байна.
Тодруулбал эрчүүдэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, бодит үр дүн гаргах зайлшгүй шаардлагатайг онцлоод “Охид нь хөвгүүдийнхээ төлөө” буюу “She for He” санаачилгыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд тэдэнд чиглэсэн бодлого, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, төлөвлөгөөт ажил өрнүүлэхээр тогтжээ.
Ажлын хэсэг нь Монгол Улсын Засгийн газраас хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, авч байгаа арга хэмжээг сурталчлан таниулах, олон улсын байгууллага болон гадаад улсаас гаргасан зөвлөмж, саналын мөрөөр шуурхай ажиллах үүрэгтэй юм.
Уг Ажлын хэсгийн ахлагч, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хамгаалж, хангах, олон улсын хүний эрхийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны төвд байгааг тэмдэглэсэн. Мөн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, гэрээний хороод, тусгай илтгэгчээс өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар санал солилцсон байна.
Мөн хурлын үеэр
- Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт есөн жилийн зөрүүтэй, дунджаар 450 орчим хүн амиа хорлодог бөгөөд тэдний 85 хувь нь эрчүүд байна.
- 2022 оны статистик мэдээгээр их, дээд сургуульд сурч буй нийт оюутан суралцагчдын 40 орчим хувийг эрэгтэй оюутнууд эзэлж байв.
- 2021 онд осолд өртсөн нийт тохиолдолын 61 хувь, зам тээврийн осолд өртсөн иргэдийн 66.8 хувь нь эрчүүд байгаа зэрэг асуудлыг хөнджээ.