Шүүх байгууллага Засгийн газартай нэг завинд суусныг Б.Батцэрэн шүүгч хэлчихлээ

Монгол Улс засаглалын гурван салаа мөчиртэй. Тэдгээр нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн субъектэд харьяалагдаж, мөн эрх үүрэг нь хязгаарлагддаг. Гэвч гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар болон шүүх байгууллага хоорондын зөрчил хурцдаж, өөр хоорондоо толхилцсон нь өнгөрсөн жил гаруйн хугацаанд бий болсон дүр зураг. Тэр нь ганцхан шалтгаантай. Ерөөс авлигатай тэмцэх үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Засгийн газраас “цагаан захтан”-уудад холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлсэн ч тэр бүгд нь шүүх шатанд очоод сунжирдаг, бүр гацдаг, эсвэл хялбаршуулсан журмаар торгоод өнгөрүүлдэг байдалтай Ерөнхий сайдынхаа түвшинд эвлэрэхийг хүсээгүйтэй холбоотой. 

Шүүгчдийг томилох эрхтэй улсын Ерөнхийлөгч нь хүртэл хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглосон “Эцэг хууль”-ийн дархлаатай шүүх байгууллага руу Ерөнхий сайд нь удаа дараа ил тод шүүмжлэл дайж ирсний цаана ч ийм үндэслэл байв. Засаглалын түвшиндөө үүссэн үл ойлголцол, эрх мэдлийн үгүйсгэл сунжрах нь хэтдээ шударга ёсны хэмжүүрт хортой, хохиролтой учраас гүйцэтгэх, шүүх гэсэн хоёр байгууллага нь нэгдсэн ойлголтод хүрэхээр нэг ширээний ард сууж, байр сууриа нэгтгэсэн нь УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлээд буй Шүүх байгуулах тухай хууль.

Үүгээр авлигын хэргээр дагнасан шүүх байгуулахаар оруулж ирсэн нь хэсэгтээ маргаан дагуулж, Байнгын хорооны хуралдааныг ирцээр бойкотлох хүртлээ газар авч хойшлуулснаар хэлэлцэх эсэх асуудал гацаанд орсон нь өнгөрсөн баасан гарагийн үйл явдал. Гэхдээ нэгэнт яаралтай горимоор өргөн мэдүүлсэн асуудлыг хэлэлцэх эсэх хуулийн хугацаатай учраас авлигын шүүх байгуулах үндсэн агуулгатай төсөл Хууль зүйн байнгын хорооны босго давж, олонхийн дэмжлэг хүлээв. Сонирхолтой нь, төслийг хэлэлцэх үеэр авлигын хэргээр дагнасан шүүх байгуулахаас өөрөөр энэ асуудлыг шийдвэрлэх гарц, гаргалгаа өнөөдөртөө байхгүй гэсэн үндэслэлээр оруулж ирсэн Засгийн газрын саналтай Дээд шүүх санал нэг байгаа талаар Б.Батцэрэн шүүгч хэлсэн нь анхаарал татаж байна.

Учир нь, “Авлигын хэргийг шууд давах шатны шүүх нь анхан шатны журмаар хэлэлцсэнийг Дээд шүүхээр эцэслэх нь шүүхийн тогтолцоонд байж болох асуудал уу? гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Ажлын хэсгийн гишүүн буюу Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэнгээс нэр цохон асуусан юм. Хариуд нь тодорхой төрлийн хэргийг Давж заалдах болон хяналтын шатны журмаар шийдвэрлэх харьяаллыг тогтоосон тохиолдолд Үндсэн хууль, Шүүхийн тухай хуультай зөрчилдөхгүй гэдгийг Б.Батцэрэн шүүгч онцолжээ. Өөрөөр хэлбэл, авлигын хэргээр дагнасан шүүхийг холбогдох хуулийнхаа хүрээнд байгуулах нь ямар нэгэн маргаан дагуулахгүйг Дээд шүүхийн шүүгч хүлээн зөвшөөрсөн нь энэ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын зүгээс ч “Авлигын хэргүүд нь улс орон дамнасан, улс төрд нөлөө бүхий хүмүүсийн оролцоотой, гадаадад данс нээсэн, хөрөнгө худалдаж авсан зэргээр ердийн гэмт хэргийг илрүүлдэг арга ажиллагаагаар илрүүлэх боломжгүй болж байна. Гэмт хэрэгтнүүд нь ухаантай байгаад байна. Эрх мэдэлтэй, мөнгөтэй, хэвлэлтэй, сүлжээтэй байна. Үүнийг шийддэг анхан шатны шүүгч нь ердийн танхай хэрэг шийддэг байгаад байна. Ийм тогтолцоотойгоор бид авлигачдаа намнаж дийлэхгүй. Авлигын гэмт хэргийг хянан шийдвэрлэх даганасан шүүх байгуулах асуудлаар тодорхой саналыг, УИХ-д өргөн барих үүрэг даалгаврыг Засгийн газар өөртөө авах гэж байгаа юм. 

Засгийн газрын өөрийнх нь бодлого, хүсэл эрмэлзлэл нь энэ. УИХ-аас дэмжлэг хүлээлгэж, тогтоолын төсөл баталбал Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүхтэй хамтарна. Учир нь, Шүүхийн тухай хуульд зааснаар шүүх байгуулах тухай хуулийг Засгийн газар дангаараа санаачилга гарган өргөн барих бололцоогүй. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс боловсруулж, Улсын Дээд шүүхтэй зөвшилцсөн саналыг Засгийн газар хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барих зохицуулалттай” гэжээ.

Өөрөөр хэлбэл, УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлж эхэлсэн Шүүх байгуулах хуулийг баталснаар шууд авлигын хэргээр дагнасан шүүхтэй болохгүй гэдгийг эндээс ойлгож болохоор. Харин УИХ-аас баталсан тогтоолын хүрээнд Засгийн газраас Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийнхэнтэй дахин ширээний ард суух нь. Эцэст нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс авлигын хэргээр дагнасан шүүх байгуулах эсэх төслийг боловсруулж, Дээд шүүхтэй зөвшилцсөнөөр Засгийн газарт хүргүүлнэ гэсэн үг. Улмаар Засгийн газрын хуралдаанаар төслийг хэлэлцээд дэмжсэн тохиолдолд УИХ-д өргөн мэдүүлэх эрх нь нээлттэй болох нь. 

Хамгийн гол нь, нийгэм, улс төрийн хүрээнд хамгийн маргаантай яваа Шүүх байгуулах хууль тойрсон асуудлын хүрээнд авлигын хэргээр дагнасан шүүх байгуулж, энэ төрлийн гэмт хэрэгтэй хийх тэмцлийг өргөжүүлэх, үр дүнг нь бодитой болгох Засгийн газрын санаачилгатай Улсын Дээд шүүх нэгдэж, нэг завинд суусныг Б.Батцэрэн шүүгч хэлсэн нь нэг талаараа дэвшил мөн үү гэвэл мөн! 

С.Сүлд