С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Р.Дагва: Нийслэлд бэлэн байдлыг улам өндөржүүлэх шаардлагатай
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, нийслэлийн Онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийснийг сонсож, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах, нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгийг шилжүүлэх тухай болон бусад асуудлыг хэлэлцэв.
Өнгөрөгч хугацаанд нийслэлийн ОБГ-т ирсэн гал түймрийн дуудлагын тоо өссөн үзүүлэлттэй гарчээ. Хуурайшилттай холбоотойгоор гал түймэр гарах эрсдэл өндөр байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд хуурайшилтын түвшин аюултай буюу III зэрэгт хүрснийг тус газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн онцгойлон хэллээ. Иймд аж ахуйн нэгж, байгууллага иргэдийг гал түймрийн аюулаас сэргийлж байхыг сануулав.
Мөн дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт зохион байгуулах ажлын хүрээнд хийгдэж буй арга хэмжээний талаар танилцуулав.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Сүүлийн үед Улаанбаатар хотод байгалийн хүчин зүйлтэй холбоотой эрсдэлүүд ихээр гарч байна. Тухайлбал, хөрсөн доорх цэвдэг гэсэж, ус их хэмжээгээр гарч тухайн орчинд айл өрх амьдрах боломжгүй болсон. Нийслэлийн бүсийн хуурайшилт аюулын зэрэгт байна. Иймд холбогдох арга хэмжээг хэрхэн авч хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хэрхэн хангах зэрэгт анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй. Бэлэн байдлыг улам өндөржүүлэх шаардлагатай” гэв.
Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай танилцах, хяналт шалгалт явуулах, тодорхой дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах чиг бүхий Ажлын хэсгийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл ахлан төслийн нэгжүүдийн үйл ажиллагаанд шалгалт явуулж байгаа. Ажлын хэсэг өнөөдөр хяналт шалгалтын явцаа Тэргүүлэгчдэд танилцууллаа. Нэр бүхий нэгжүүдэд шалгалт хийхэд зөрчил, дутагдал цөөнгүй илэрсэн талаар Ажлын хэсгийн ахлагч нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл онцолсон. Мөн тэрбээр нэгдсэн дүгнэлт гарсны дараа тодорхой мэдээлэл өгнө гэв.
Хуралдаанаар цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах асуудлыг нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар танилцууллаа. Тус албыг тодорхой шалтгаанаар дүйцүүлэн хаах боломжтой. Тухайлбал, сүм, хийдэд шавилан сууж буй лам, ёс зүйн зөрчилтэй гэдэг нь шүүхээр батлагдсан тохиолдолд тухайн иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаах юм. Энэ удаад нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийтдээ 54 иргэн тус албыг хаахаар боллоо.
Мөн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун "Хүрээ" амаржих газрын 60 жилийн ойг тохиолдуулан “Хангарди” одонгоор шагнах санал оруулсныг олонхи дэмжиж баталлаа. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээндээ ажлын хариуцлага алдаж, эх үрийн эндэгдэл гаргахгүй, ёс зүйн харилцаа, хандлагаа дээшлүүлэн ажиллахыг нийслэлийн ИТХ-ын дарга болон Тэргүүлэгчид онцгойлон анхаарууллаа.
Түүнчлэн хуралдаанаар Хан-Уул дүүрэг дэх нийслэлийн салбар номын санг Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав агсны нэрэмжит болгох шийдвэр гаргалаа. Номын сангийн орчин нөхцөл, иргэдэд үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааг илүү олон талт байлгах, тэдний сонирхолыг татахад анхаарч, бүтээлч ажиллах хэрэгтэй гэдгийг Тэргүүлэгчид холбогдох албаныханд хэллээ.