С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ш.Анхмаа: Энэ онд 73 цэцэрлэг, 30 сургуулийн барилга шинээр ашиглалтад орно
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажиллав. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэв.
Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 74 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгын ажил 2018-2019 он дамжин баригдаж байгаа юм. Барилгын ажил өнөөдрийн байдлаар 72 хувийн гүйцэтгэлтэй байна. Барилга барьж буй газар нь намагтай учраас бага зэргийн суулт өгчээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа энэ асуудлыг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл, барилгын гүйцэтгэгч компанийн удирдлагуудыг оролцуулан энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж үзлээ. 1.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тус цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг “Грийн ресурс констракшн” ХХК гүйцэтгэж байна.
“Чингэлтэй дүүрэгт он дамжсан 13, 2019 оны төсөвт тусгасан есөн барилгын ажил явагдаж байна. Он дамжин хийгдэж буй барилгууд дунджаар 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Он дамжин хийгдэж байгаа ажлуудаас энэ хичээлийн жил эхлэхээс өмнө 10 ажлыг нь хүлээлгэн өгнө” хэмээн Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль ярилаа.
Үүний дараа тус дүүргийн 17 дугаар хорооны 103 дугаар цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцав. Уг өргөтгөлийн барилгын ажил мөн он дамжин хийгдэж буй юм. Барилгын ажлын нийт өртөг 1.5 тэрбум төгрөг. Гүйцэтгэгчээр “Глобал рост” ХХК ажиллаж байна. “Өнөөдрийн байдлаар барилгын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй. Төлөвлөгөөт хугацаанаасаа бага зэрэг хоцрогдолтой байгаа ч ирэх сарын 20-нд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгнө. Уг өргөтгөлийн барилгын тендерийг зарлахдаа бохирын асуудлыг тусгаж өгөөгүй. Тиймээс бохирын асуудлыг шийдвэрлэхийн тулд дахин 270 сая төгрөг шаардлагатай” хэмээн “Глобал рост” ХХК-ийн удирдлагууд хэлж байв. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа холбогдох албан тушаалтнуудад энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж, төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарахыг үүрэг болгов.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “2016-2020 оны Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт цэцэрлэгийн хүртээмжийг 85 хувьд хүргэх, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлжинд шилжүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд нийслэлийн боловсролын салбарт бүтээн байгуулалтын 182 төсөл хэрэгжиж байна. Үүнээс энэ онд 73 цэцэрлэг, 30 сургуулийн барилга шинээр ашиглалтад орно. Өнөөдрийн тухайд Чингэлтэй дүүргийн хэмжээнд боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудтай танилцаж, зарим асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо. Компаниудын барилгын гүйцэтгэл харилцан адилгүй байна. Барилгын ажлын явц 50-70 хувьтай байна” хэмээв.