“Өөртөө дурласан ДАГЗ”-ын тухайд...

“Улаанбаатараас ярьж байна” нэртэй нэвтрүүлгийн шторк цацагдаж эхэлсэн даруйд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаягласан тодотгол нь энэ байв. Нэг нь Төрийн тэргүүнээс буугаад долоо, нөгөөх нь Засгийн тэргүүний алба хашаад гурван жил болж буй хоёр улстөрч. Ц.Элбэгдорж 1990-ээд оноос Монголын улс төрд хөл тавьж, үргэлж өсч дэвшсээр Ерөнхий сайдаар хоёронтаа ажиллаж, Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон бол Л.Оюун-Эрдэнэ 2021 оноос улстөрч болгоны хүрээд байдаггүй замналаа эхлүүлж, бас залуурдаж яваа 1980-аад оны төлөөлөл. Гагцхүү нэгнийх нь бүтээн байгуулж, гар бие оролцож ирсэн гэгддэг 30 жилийн сүүдэрт явсан тогтолцооны гажуудал бүхий системийн авлигыг нөгөөх нь таслан зогсоож, нураахаа илэрхийлсээр гурван жилийг үдэж буй нь энэ хоёр хүнийг эсрэг, тэсрэг харагдуулах бодит шалтгаан.

Ямар ч байсан Л.Оюун-Эрдэнэ, Ц.Элбэгдорж нарын зөрчил бодитой гэдгийг улам тодруулсан нь Ерөнхий сайдын ярилцлага гарахаас урьтаж “Өөртөө дурласан дагз” хэмээн эгдүүцсэн экс Ерөнхийлөгчийн эл үгс. Гэхдээ энд хувь хоёр улстөрчийн байр суурь, асуудалд хандах өнцөг гол биш. Харин ардчиллын замаар хагас жаран замнасан Монгол Улсад хуваарилалт нь өөрөө шог байж ирсэн талаас нь харвал арай өөр дүр зураг бууна. Ерөөс нам харгалзахгүй нэгдсэн бүлэглэлийн бялуу хуваах зарчим нь өнгөрснөөс өнөөдрийг хүртэлх улс төр, нийгмийн хөгжлийн зүг чигийг авлигын гинжин хэлхээгээр тас ороож, таг хөдөлгөөнгүй барьж ирснийг ойлгож болохоор байна.

1.

Анзаарсан бол Ерөнхий сайдын ярилцлагын нэг гол цөм нь тэгш бус байдлын эх ундарга хаанаас, хэнээс эхлэлтэйг өмч хувьчлал, уул уурхайн лицензтэй холбож тайлбарласан нь жирийн нэг хий хоосон хийрхэл биш байв. Чөлөөт зах зээлийн тогтолцоо руу шилжсэн 1990-ээд онд өмч хувьчлалыг явуулж, эдийн засгаа эргэлтэд оруулах нь зөв байсан уу? мэдээж тийм. Уул уурхайн лиценз олгох замаар дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нь шийдэл мөн үү, мөн. Гэвч хувьчлал нэрийн дор хулгайлж, лиценз тойрсон шударга бус хуваарилалт нь нийгмийн баялгийг нэгжээд хэсэг төвлөрүүлэх суурийг тавьж, тэгш бус байдлыг бий болгосныг 30 жилийн дараа хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн нь бидэнд үлдсэн гашуун сургамж. Үүнийг засахгүйгээр, системээр нь нурааж, өөрчлөхгүйгээр асуудал нь байдгаараа л байна. Жишээ нь, хэн “Эрдэнэт” үйлдвэрт хяналтаа тогтооно, тэр улс төрд хамгийн нөлөө бүхий улстөрчөөр, магадгүй бүлэглэлээр тодордог бичигдээгүй хууль манайд үйлчилдэг. 

Сонгуулийн үр дүн гэхээсээ Засгийн газрын тогтвортой байдалтай хүйн холбоотой юм шиг явж ирсэн энэ үйлдвэрт эзэн суух гэсэн марафон 1990 онд ч байсан, одоо ч байж л байна. Ерөнхий захирлын томилгоо нь гүйцэтгэх засаглалын шууд мэдэх асуудал ч Ерөнхийлөгчийн оролцоо жин дардаг нь өнгөрсөнд ч байсан, өнөөдөр ч байгаа, бараг улстөрч шошготой хүн бүрийн мэдэх асуудал. Ил хэрнээ далд явдаг энэхүү ашиг сонирхол, эрх мэдлийн төлөөх хамгийн том зодоон 2016 оны сонгуулийн өмнөхөн болж өнгөрсөн нь өнөөдөр ч хуулийн байгууллагад ороогдож яваа нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш юм.

Ерөөс “Эрдэнэт”-д хяналтаа тогтоох гэсэн эрх ашгийн сонирхолд ерөнхий захирлынх нь албан тушаал “жижигдэж”, бүтнээр нь залгих оролдлого явсан нь ОХУ-ын мэдлийн 49 хувийг Монголдоо авчирлаа хэмээх “эх оронч”, боловсон сурталчилгаа байв. Ач холбогдол талаасаа “Эрдэнэт”-ийн 49 хувийг эх орондоо авчирсан нь сайн хэрэг ч, ашиг сонирхлын хэлхээс нь өнөөх л эзэн суух схемийн дагуу эртнээс төлөвлөж хийсэн нь бүгдийн нүдэнд өмнө ил болж байна. Улсын төсвөөс хэдэн зуун сая ам.доллароор нь гаргуулж, хувийн банкныхаа өмчлөлд 49 хувийг хэсэгтээ эзэмшсэн тэдгээр “эзэд”-ийн нэг нь гадагшаа явснаасаа хойш өдийг хүртэл эх орондоо ирж чадахгүй хилийн чинадад бүгж суугаа нь энэ бүхний энгийн хариулт.

Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсны дараагаас албан ёсоор хөдөлсөн гэгддэг энэ тохирооны хүрээнд Монголбанк, Сангийн яам, Хөгжлийн банкнаас гурван эх үүсвэрээр 400 орчим сая ам.долларыг дансанд төвлөрүүлж, гурван удаагийн гүйлгээгээр Орос руу шилжүүлсэн нь хуулийнхны гарт орсон баримт. 

Лав л Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа “Эрдэнэт”-ийн 49 хувийн өмчлөлийг цээжээрээ хамгаалж суусан эрхэм хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ эл тохироогоо хэдийнэ хийж, хөшигний ард гар барилцсан гэдгийг “Улаанбаатараас ярьж байна” ярилцлагын үеэр Ерөнхий сайд онцолсон нь бас нэгэн сэжүүр юм. Энэ тухай хамгийн сайн мэдэх, ярих хүн нь Ч.Сайханбилэг ч өнөөдрийг хүртэл АНУ-д орогнож суугаа нь Ерөнхий сайдын хэлсэн үгийг улам баталгаажуулах шалтгаан.

2.

Ганц өмч хувьчлал, лиценз дагасан сүүдэр Монголыг 30 жил бүрхсэн үү? гэвэл үгүй. Газар олголттой холбоотой асуудал гамшгийн хэмжээнд хүрч, Улаанбаатарыг утаанаас илүү боомилж эхэллээ. Социализмын үед барьж, байгуулсныг эс тооцвол Улаанбаатарт байгаа орон сууцны хорооллууд бүхэлдээ стандартаа мөрдөж, зөвшөөрлөө авалгүй сүндэрлэснийг хаа, хаанаа ойлгож, мөн мэдэцгээв. Авлигаа өгсөн нь барьдаг, араас нь тусгай зөвшөөрлөө нөхөж авдаг урвуу хамаарлаар явж ирсэн нь өнөөгийн нийслэлийг танигдахын аргагүй болтол тал, талаас нь хэмлэсэн гэсэн үг.

Хэт төлвөрлийг тооцож, зохицуулах төлөвлөгөө гаргах нь битгий хэл өөрсдөө гардан гүйцэтгэгчээр оролцсон гол хоёр хүн нь М.Энхболд, Т.Бадамжунай гэдгийг 20 гаруй жилийн дараа МАН-ын дарга нь өөрөө хүлээн зөвшөөрсөн нь уг ярилцлагын оргил хэсэг байв. М.Энхболд, Т.Бадамжунай нар Улаанбаатарыг яагаад “бетон ширэнгэ” болгосныхоо алдаа энэ хүртэл хүлээн зөвшөөрөхгүй, зөвшөөрөхийг ч хүсэхгүй дүлий дүмбэ оргин явсны ард улс төр, бизнес дамнасан асар том бүлэглэлийн эрх ашиг, хамгаалалт байсныг одоо л ойлгох тийшээгээ харцгаав.

МАН, АН-ынхан өвөр, түрийндээ орцгоосон үеэс Монголын улс төрд бий болсон МАНАН-г үүсгэн байгуулалцсан хүн нь М.Энхболд, холбон тоглогч нь Т.Бадамжунай гэсэн явган яриа өдрөөс өдөрт улам тодорч, баллуурдаад ч арилахааргүй балагтай шийдвэрүүдийн горыг нийслэлчүүд нийтээрээ амсч суугаа нь бодит үнэн, бас зовлон юм. Гол нь, энэ Засгийн газар, Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаанд газар олголтод хамаарах томоохон хэргийг сөхөх, “Авлигатай тэмцэнэ гэдэг Ардын Намтай тэмцэнэ гэсэн үг” хэмээх байр суурь биеллээ олох нь цаг хугацааны л асуудал байх нь.

3.

Сонгуулийн цикл бүрээр сэдэрдэг ч шийдлээ олдоггүй, шийдэхийг ч хүсдэггүй ганцхан асуудал Монголын Төрд бий нь Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг. Хэргийг илрүүлэх, захиалагчийг зарлах хүлээлт 1998 оноос нийгмийн ой тоонд бүрэлдэж эхэлсэн ч 2016 оныг хүртэл нууцын, бүр маш нууц ангилалттай байв. Гэдэг нь тагнуул, цагдаа, прокуророос бүрдсэн ажлын хэсгээс хэрэгт холбоотой гэх гурван хүнийг яллагдах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлснээр хэсэгтээ анхаарлын төвд орсон. Хачирхалтай нь, Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн тангараг өргөх үеэр Ц.Элбэгдорж түүнд хандан “С.Зоригийн хэргийг битгий сөхөөрэй. Бусад нь надад хамаагүй” гэх агуулгатай захиасыг хэлснийг Л.Оюун-Эрдэнэ өөрийн амаар хэлэв. Жирийн нэгэн улстөрч биш, Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргын амнаас унасан үг шүү!

Хуанлийн хуудаст үлдсэн үйл явдлын дарааллаар хөөж үзвэл Тагнуулын даргаар ажиллаж байсан Батын Хурцад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар хошууч генерал цол олгосон байдаг. Он солигдохоос ердөө гуравхан хоногийн өмнө буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 28-нд гаргасан энэхүү зарлигийн үндэслэл нь юу байв? гэдэг нь мэдээж сонирхолтой. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдоржийн бүрэн эрх дуусгавар болохоос урьтаж нэр бүхий гурван хүнийг шүүхээр оруулсны шагнал нь бригадын генералыг алгасч олгосон хошууч генералын алтан мөрдэс байсныг Л.Оюун-Эрдэнэ битүүхэндээ илчилж орхилоо.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарыг бусдыг эрүүдэн шүүх замаар хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр шүүхээс гэм буруутайд тооцож, хорих ял ногдуулсан ч Ерөнхийлөгчийн өршөөлд хамрагдан суллагдсан нь гурван жилийн өмнө. Үндсэндээ АН-аас сонгогдсон хоёр Ерөнхийлөгчийн нэгээс нь генералын мөрдэс зүүж, нөгөөгийнх нь өршөөлөөр суллагдсан зөвхөн Б.Хурцад олдсон боломж нь “С.Зоригийн хэргийг битгий сөхөөрэй. Бусад нь надад хамаагүй” гэсэн захиас хов төдий зүйл биш гэдгийг илтгэх нэг өнцөг.

4.

Ерөнхий сайдын ярилцлагаас нэг л юм улам бүр тодорхой болов. Тэр нь Л.Оюун-Эрдэнэ тухайлсан хүн яриагүй, тогтолцооны гажуудлыг засах, нураах тухай л ярьжээ. Түүнээсээ ч урхахгүй гэж. Монголын нийгэмд авлига байна уу? байна. Бүлэглэлийн эрх ашиг байна уу? бас байна. Тэгш бус байдлын хуваарилалт хазаарлагдахгүй болтлоо хяналтаас гарсан уу? гарчээ. Үүнийг системээр нь өөрчлөхийн тулд хөрс, сууриас нь эхэлж ухаж таарна. Харин тэр болгонд хэн нэгэн улстөрчийн эрх ашиг хөндөгдөөд байгаа учраас л нэр цохож хэлэхээс аргагүйд хүрсэн нь энэ бололтой. “Эрдэнэт” үйлдвэр, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн мөрөөр орохоор Ц.Элбэгдорж торойгоод гарч ирдэг нь ийм учиртай. Эсвэл хотын газар олголт тойрсон авлигын хана хэрмийг нураах гэхээр өнөөх л М.Энхболд, Т.Бадамжунай нар руу хөтөлдгийг үгүйсгэхгүй.

Үндсэндээ тогтолцоо нь өөрөө Ц.Элбэгдорж, М.Энхболд, Т.Бадамжунай, Д.Эрдэнэбилэг тэргүүтэй улс төр, бизнес дамнасан бүлэглэлийн бялуу хуваадаг механизм болсны эсрэг тэр зогсож, бас тэмцэж байгаа юм байна. Өнгөрсөн 30 жилд Монгол Улсад хууль биш хүн засаглаж ирсний л хэмжүүр, системийн авлигын хамгийн хорлонтой нь энэ юм. Гялтайх ганц сайн тал нь гэвэл авлигыг үл тэвчих сэтгэхүй, сэтгэл зүй нийгэмд бага багаар бүрдэж байна. Авлигыг, авлигачдыг, албан тушаалтнуудыг жигшдэг болсон байна. Гэхдээ энд ганц зүйлийг ойлгох хэрэгтэй, 30 жилийн системийн авлигыг гурван жилийн дотор нураана гэж байхгүй. Тэрэн шиг худлаа юм үгүй. Харин системийн авлигыг нураахын тулд толгойноос, “эх барьсан” авторуудаас нь эхэлж тэмцэх нь илүү үр дүнтэй гэдгийг тэрбээр олж харсан бололтой. Яг л шатыг доороос нь биш дээрээс нь эхэлж шүүрддэг шиг. Түүнд нь шүүх байгууллагыг бүрдүүлж байгаа шүүгчдийн төлөөлөл ч багтаж буй нь энэ хаврын улс төрийн галыг өрдөх гол сэдэв байх нь.

“Өөртөө дурласан ДАГЗ”-ын тухайд өгүүлэхэд ийм л дүр зураг бууж байна. Ерөнхий сайдын үг үйлдэл болж хэрхэн “бай”-ндаа тусахыг, хэн гээч улстөрчдийг хуулийн хайчинд оруулахыг цаг хугацаа л харуулна.

Г.Эрхэс