С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Системийн эсрэг тэмцлээс ухрах зам үгүй!
Улс төрд мөнхийн дайсан, найз үгүй. Мөнхийн эрх ашиг л гэж бий. Ийм нэгэн тодотгол, томъёоллоор бат хэлхэгдсэн МАНАН хэмээх эрх ашгийн нэгдэл бүхий бүлэглэл байдгийг, бүр бодитой эсэхийг ойлгох гэж монголчууд нийтээрээ даруй хоёр аравныг зарцуулжээ. Уг нь нам харгалзахгүйгээр хөшигний ард хундага тулган суудаг МАН, АН-ын нөлөө бүхий улстөрчдийн өвөр түрийдээ орж ирснийг хэлж байгаа хэрэг. Баабарын зүүлгэсэн малгай нь тэр юм. Ёжтой хэрнээ ханатай тодотгол. Лав л МАН, АН УИХ-д эн тэнцүүхэн суудал авснаар Засагт хамтарч, хоршиж эхэлсэн 2004 оноос эхтэй гэж тооцвол өдгөө 20 дах жилтэйгээ золгож байна. Тохуутай ч гэх үү?, хоржоонтой нь ардчиллаар замнасан 30 жилийн алдаа, оноо, авсан сургамж нь өөрөө Монголын Төрд МАНАН бүлэглэл байдгийг хүссэн ч, эс хүссэн ч бодитоор харуулж, бас буланд шахах болов. Авлига гэсэн ганцхан “ногоон виз”-тэй, мөн шалгууртай эл бүлэглэлд гар дүрээгүй газар, хэтэвчээрээ нэгдсэн салбар ч үлдээгүйг бараг өдөр тутам шахуу хөвөрч буй мэдээллүүд харуулж байна.
Үндсэндээ тэртээх 2004 онд зөвхөн УИХ, Засгийн газрын түвшинд байсан хамтрал өсч, өндийж, бойжсоор өнөөдөр системээр нь залгиж, залуурдах болтлоо томорсон нь тулга тойрсон хэрүүл бус тусгаар улсын язгуур эрх ашигт нөлөөлөх хэмжээнд хүртлээ угжирсныг бид бүгдээрээ харцгааж байна. Төсөв нь татуу, тогтолцоо нь бэхжиж амжаагүй байх үед албан тушаалын томилгоо, тендер, тусгай сан тэргүүтнийг хуйгаар нь хамж, шилж, хулгайлж ирсэн тэдний үйлдэл яван чангарсаар томоохон стратегийн орд газарт хэн нь эзэн суух вэ? гэсэн тоглоомын том дүрэмтэй болсныг түрүүчээсээ ойлгоцгоож байна. Нэг талаар сайны л дохио, нөгөө талаар халаглаж, харамсах, бухимдаж, буруутгах гол шалтгаан.
АН Засгийн эрхэнд гарсан 2012 оноос эхэлсэн Тавантолгой тойрсон дотоодын улс төр, “Эрдэнэт”-ийн 49 хувьд хамаарах асуудал Ардын Намыг үнэмлэхүй олонхиор засаглах үед ч үргэлжилж, бүр төвөгтэй байдалд шилжиж асан нь хувь, хувьсгалын хоорондын өмчлөлийн маргаан гэхээсээ байгалийн баялгийн жинхэнэ эзэн нь ард түмэн үү? эсвэл МАНАН-гийнхан уу? гэсэн зөрчил байв. Хууль нь байгаад, хэрэгждэг бол хуваарилалт нь зөв явсан уу, шог байсан уу? гэдгийг дэнслэх бүрэн эрх шүүх байгууллагад бий. Угаас шударга ёсны дээд хэмжүүр нь тэд учраас. Гэвч шүүх нь, шүүгчид нь өөрсдөө тэрхүү бүлэглэлийнхээ эд эс, амь бөхтэй орших гол хөшүүрэг, найдвартай арыг нь даадаг баталгаа нь болж суугаа нь авлигын системийг задлахад, бүр нураахад хамгийн том нээнтэг болсоор удлаа.
“Сахал” хэмээх хочийг нь сонссоноос биш өнгөрсөн хугацаанд Д.Эрдэнэбилэг гэж ямар хүн байдгийг мэдэх хүн Монголд байдаггүй байлаа. 1990 оноос Монголын улс төрд өрнөсөн үйл явдлыг он, сар, өдөртэй нь цээжээрээ хэлэх Ц.Нямдорж хүртэл “Эзнээ харчихаад үхмээр байна” гэж ёжлонгуй асууж байх вэ?... Гэхдээ л “Эрдэнэт”-ийн 49 хувийн өмчлөл тойрсон дуулиан шуугианаар Д.Эрдэнэбилэг ил гарсан, монголчууд бүгдээрээ “сахал”-гүй гэдгийг нь мэдэж авцгаасан нь саяхан. Гол асуудал нь Д.Эрдэнэбилэг гэдэг хувь хүндээ биш бизнесийг нь тэтгэж, тэжээж ирсэн системдээ байсныг ойлгосон нь олон байх. Үүнд нь шүүх байгууллага ч “үнэ”-тэй хувь нэмрээ оруулж буйг Д.Эрдэнэбилэг нарт холбогдох хэрэг өнөөг хүртэл хойшилсоор гацаанд орсноос харж болно.
Хууль нь засагладаг улсад бол Д.Эрдэнэбилэг нарт хамаарах хэргийг прокуророос шилжүүлсэн даруйд шийдвэрлэж, зөв бурууг нь дэнслэх байв. Улстөрчдийн, ялангуяа бүлэглэлийн нөлөөллөөс хамгаалсан, хараат бусаар шийдвэр гаргах хуулийн халдашгүй эрх нь ч тэдэнд хадгалагдагддаг. Гэвч хэд хэдэн удаа хойшилсон шүүх хурлын гол дүр Д.Эрдэнэбилэг батлан даалтад гарав уу, үгүй юу? хил даваад одсон нь Монголд хэн засаглаж буйн бодит хариулт.
Д.Эрдэнэбилэгээсээ ч дутахааргүй анхаарлын төвд орж, олон нийтийн хэлэлцүүлэг болтлоо өргөжсөн экс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын зөрчлийг ч дан ганц Ц.Элбэгдорж, Л.Оюун-Эрдэнэ нараар хязгаарлаж ханарах нь өрөөсгөл. Ерөөс Монголд системийн авлига орших уу, эс оршихын төлөөх өнгөрсөн хийгээд өнөөдрийн цаг хугацааны тусгал нь. “МАНАН хэмээн томъёологдсон энэхүү системийг задлахын төлөө хатуу зогссон сүүлчийн Засгийн газар ч байж магадгүйг нэрэлхэлгүй үнэнээр нь хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Шүүхийн шатанд бүлэглэлийн томилсон шүүгчдийн өмнө хүч мөхөстөж байгаагаа ч нуугаад яах вэ” гэж чуулганы индрээс хэлсэн Ерөнхий сайдын үг учиртай. Системтэй нь, авлигатай нь тэмцэхээр араас нь яах аргагүй хэн нэгэн улстөрч гарч ирэх нь Монгол шиг жижигхэн улсад байх ёстой, зүй ёсны л үзэгдэл.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байсан нь үнэн. Өнөөдөр жирийн иргэн болсон нь үнэн. Улс төрөөс хөндийрөөд долоон жил болж байгаа нь ч үнэн. Гэхдээ тасралтгүй Ерөнхийлөгчөөр ажилласан найман жилийн хугацаанд тэр шүүгчдийн томилгоонд илүү төвлөрч, түүгээрээ дамжуулан “Хонгил” угсарсныг Ардын Нам байтугай Ардчилсан Намынхан ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Засгийн газрыг нь заналтайгаар огцруулсанд өнөөг хүртэл гомдол тээж явдаг тулдаа, өөртэй нь хамааралтай бүхнийг хорьж, байцааж байсан болохоор Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ганцаараа шахуу ил дуугарч, шүүмжилж, тэмцэж ирснээс өрсөлдөгчөө намнадаг, үгэнд нь орохгүй бол хорьдог тэрхүү “Хонгил”-оор Х.Баттулгын үед ч чирүүлсэн улстөрч олон.
Үндсэндээ системийн авлигын бат бөх хана, хэрэм болсон МАНАН-гийн гол “гал хамгаалагч” нь шүүх болчихоод буйг Ерөнхий сайд улиг болтол хэлээд байгаа юм. Асуудал Ц.Элбэгдорждоо, шүүх байгууллагадаа биш угсарсан “Хонгил”-ын шүүгч нарт байна аа гэсэн үг. Нэгжээд хэсэг нь хувь хүн дээр төвлөрүүлж нийтийн асуудал болгохоор чиглүүлж байгаагаас бус уг асуудал нь ийм л ойлгомжтой.
Парламентад суудалтай намуудын удирдлагуудтай зөвшилцсөний дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, өөрөө УИХ-ын даргад өргөн мэдүүлсний цаад шалтгаан нь энэ. Байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байхаар хуульчилсан ч нийт стратегийн 16 ордын ердөө долоо нь “Эрдэнэс Монгол”-ын харьяанд байгаа нь Үндэсний баялгийн сантай болох нэг шалтгаан. Төдий хэмжээний ордыг стратегийн нөөцөд бүртгүүлэхгүйн тулд суурь мэдээллийг нь өөрчилж, АМНАТ, татвараас нуугдсан их хэмжээний баялаг бүртгэлгүйгээр далд эдийн засгийг бүрдүүлж яваа гэсэн үг. Энэ тухай мэдээлэл УИХ-аас удахгүй зохион байгуулах “Нээлттэй сонсгол”-оор ил болох нь цаг хугацааны асуудал ч ирээдүйдээ хуримтлал үүсгэх “Монгол мөрөөдөл”-ийг тусгайлан хуульчилж, бүр хүчин төгөлдөр мөрдүүлэх нь маргаангүй системийн реформ.
Хуулийг хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь заавал нээлттэй хувьцаат компани байх, нийт хувьцааны 20-оос дээш хувийг аливаа этгээд дангаар болон харилцан хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх, өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувиар татвар ногдуулах эрхзүйн орчинг бүрдүүлэхээр тусгасан нь уул уурхайн баялагт эзэн суусан цөөн хүний эрх ашгийг задалж, нийтээрээ, улсаараа хуримтлалтай болох эхлэлийг тавих нь мэдээж.
Эцэст нь хэлэхэд тэр тухайлсан хүнтэй биш тогтсон системтэй нь тэмцэж байна. Хуульчилж байгаад хулгайлж ирсэн уламжлалт сэтгэхүйг халахын төлөө тэмцэж байна. Энэ хэрээр МАНАН бүлэглэлийн улс төр, уул уурхай, магадгүй шүүх засаглал дах нөлөөллийг хумьж, хазаарлана, тэр хэрээр нийгмийн эрх ашиг нэгдүгээрт тавигдах ёстой. Тийм учраас л системийн эсрэг тэмцлээс ухрах зам үгүй!
Г.Эрхэс