С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
И.Нямгаваа зарж, Х.Нямбаатар сэргээн байгуулсан Хүүхэд, залуучуудын театр
Ичинхорлоогийн Нямгаваа гэж найруулагч байлаа. Москвагийн Театр урлагийн академийг найруулагч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр 1974 оноос Дарханд, 1985 оноос нийслэлд ажилласан түүхтэй. Эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу И.Нямгаваа энэ үеэс Хүүхэд, залуучуудын театрын уран сайхны захирал болж дэвшсэн гэсэн үг. Мэргэжлээрээ ажилласан он жилүүд, басчхүү үзэгчдийн сэтгэлд хоногшсон хэд хэдэн дэлгэцийн бүтээлийг өөрөө гардаж болон хамтарч найруулсныг нь Төрөөс үнэлж, Урлагийн гавьяат зүтгэлтэн цолыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулж асан нь 2012 он. Гэдэг нь И.Нямгаваа захирал байсан нь үнэн л болохоос 1990-ээд оны сүүл үед гэр бүлээрээ АНУ-д суурьшсанаас бусдаар Хүүхэд, залуучуудын театр түүнтэй хамт бүдгэрсэн юм.
Бэсрэгхэн түүх сануулахад Хүүхэд, залуучуудад зориулсан драмын театрыг "Хүүхдийн төв театр" нэртэйгээр 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй 1951 онд байгуулж байжээ. Улмаар 1967 онд “Хүүхэд, залуучуудын театр” болгон өргөжүүлж, 1991 оноос театрын удирдлагыг менежментийн гэрээний үндсэндээр гүйцэтгүүлж эхэлсэн юм. Энэ үед захирал явсан мань И.Нямгаваа өөрийн багийг бүрдүүлж, менежментийн хувьчлал нэрийн дор өмчилсөн байдаг. Гэрээнд зааснаар театрын нийт төсвийн 50 хувийг удирдлагын баг бүрдүүлэх үүрэгтэйгээр хэдэн жил үйл ажиллагаа явуулсан ч АНУ-аас хөрөнгө оруулалт татахаар болж, нэг л өдөр бүхэлдээ хувьд шилжжээ. Үүнд нь Боловсролын сайд А.Цанжид, Төрийн өмчийн хорооны дарга Л.Пүрэвдорж нарын оролцоо байдаг л гэдэг юм.
Уг нь Төрийн өмчийн хороо энэ театрыг хувьчлах тогтоолд “Хэвийн ажиллагааг нь үл эвдэнэ” гэсэн заалт шигтгэсэн ч төд удалгүй арилжааны банкны мэдэлд шилжсэнээр театрын уран бүтээлчид болох 100 гаруй хүн орох орон, оочих хаяггүй болсон түүхтэй. Урлагийн гавьяат зүтгэлтэн цол гаргахдаа эх орондоо ирснээс өөрөөр мань И.Нямгаваа ч өнөөг хүртэл АНУ-д амьдарч байна. Энэ хооронд нийгмийн даатгалыг нь төлөөгүйгээс театртаа амьдралаа холбосон олон хүн тэтгэврээ тогтоолгож чадаагүй хохирсон юм. И.Нямгаваа гавьяат АНУ-д тарвалзаж суухад энд өрөөл бусдын амьдрал барилгатайгаа хамт гудамжинд гарсан хэрэг.
Гагцхүү өмч хувьчлалын сүүдэр, өвгөн найруулагчийн ашиг сонирхлоор барилга төдийгүй уран бүтээлчидтэйгээ “зарагдсан” нэгэн жарны түүхтэй Хүүхэд, залуучуудын театрыг 20 гаруй жилийн дараа сэргээх хувь нь нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт байжээ. Товчхондоо нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн V хороонд барьж буй Хүүхэд, залуучуудын театрын барилгын ажил шуударч удахгүй ашиглалтад оруулж, үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ. Дөрвөн давхар бүхий уг театр нь 850 хүний багтаамжтай.
Зоорийн давхар өлгүүрийн хэсэг, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөөнүүд, бялдаржуулах танхим, хөгжмийн бэлтгэлийн өрөө, оёдлын хэсэг, хөгжимчдийн өрөө, театрын архив, болон бусад өрөө тасалгаа, агуулахтай. Хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөлийг бүрдүүлэхээрээ онцлог. 330 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүргийн иргэд ч чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх бүрэн боломжтой.
Хамгийн нааштай мэдээ нь театрыг ашиглалтад оруулснаар хуучин бүрэлдэхүүн буюу 110 уран бүтээлч, ажилтан тэнд ажиллах нь. Шаарлагатай хөрөнгийг жил бүрийн улс төсөвт тусгахаар тооцсон нь театрын үйл ажиллагаа цаашдаа хэвийн явуулна гэсэн үг. Ийнхүү иргэн И.Нямгаваа хувьчилж авсан даруйдаа барилгыг нь бусдад зарснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд өөрийн өмч хөрөнгөгүй, өрөөлийн гэрт толгой хорогдож явсан Хүүхэд, залуучдын театрынхан шинэ барилга руугаа удахгүй нүүж орох нь. Уран бүтээлчдэд төдийгүй дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах хүсэлтэй хүүхэд, залуучуудад үүнээс өөр сайхан мэдээ гэж юу байх вэ!
С.Сүлд