Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү байна

Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Монгол Улсын иргэд олноор зорчдог гадаад улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсаас Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын 1959 оны конвенцод нэгдэн орох тухай хүсэлтийг Европын Зөвлөлийн Сайд нарын хороонд гаргажээ. Тус хороо нь орлогч сайд нарын 2019 оны хурлаар хэлэлцэн дэмжээд, урилга ирүүлжээ.

Өдгөө гадаадын 24 улстай байгуулсан 39 хоёр талт гэрээний үндсэнд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, гэмт этгээд ялтан шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн байгаа аж. Тиймээс уг конвенцод нэгдэн орон зайлшгүй шаардлага үүссэнийг Б.Энхбаяр сайд хэлсэн юм. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Шувуу ажиллагаа"-ны явцын талаарх УИХ-ын гишүүдийн асуултад дараах мэдээллийг өгчээ.

Тэрбээр "Шувуу ажиллагаа амжилттай явж байна. 2024 оны хоёрдугаар сарын 14-ний байдлаар интерполын улаан булант зараас 5, хөх булант зараас 52 хүн, нийт 57 иргэнийг олж тогтоосон. Мөрдөн шалгах байгууллагаас олж тогтоосон 13, сайн дураараа хэргээ шийдвэрлүүлэхээр ирсэн 14 иргэнд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, 4 иргэний хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Эрэн сурвалжилж байсан, гадагшаа оргон зайлсан нөхдийн 70-75 хувийг авчирсан. Хамгийн сүүлд захиалгаар бусдын амь насанд халдсан хэргийг шалгаж байх явцад оргон зайлсан этгээдийг олж авчирлаа. Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг эрэн сурвалжилж байгаа гэлээ. Надад тийм мэдээлэл алга. Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалтай андуурсан байх. Н.Золжаргал Австри улсад үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан асуудал хоёр талын хуулийн байгууллагад шалгагдаж, шүүхээр хянан шийдвэрлэгдсэн асуудал бий.

Ч.Сайханбилэгийн тухайд манай улс АНУ-тай эрүүгийн эрх зүйн хүрээнд хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байхгүй. Дипломат шугамаар энэ асуудлыг хууль хяналтын байгууллагын түвшинд байнга тавьж байна. Ч.Сайханбилэгийн хаана байгаа бид мэднэ. Ч.Сайханбилэг бийлэгжүү байгаа. Монголоос мөнгө орж гарч, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байна" гэжээ.