Алганд багтсан ТӨР #3: Айдгаа авдартаа хийх цаг айсуй!

...Шуурганд уруудсан малынхаа араас яваад сураггүй болсон малчинг эрэн хайж байна... Байрныхаа гадаа тоглож байсан гурван настай хүүхэд алга болжээ... 

Ийм нэгэн сэтгэл түгшээм мэдээ, мэдээлэл Монголын зовлон болсоор удав. Нийгэм, улс төрийн уур амьсгал нь өдөр тутамд, бараг цаг, минут бүрд ямар нэгэн дуулиан шуугиан дэлдэж, түүндээ дарагдах болсон энэ цаг үед хэн нэгэн сураггүй алга болсон талаарх мэдээлэл нэрмээс болно уу гэхээс нэмэр болохгүй нь ойлгомжтой. Эцэст нь эрлийн үйл ажиллагааг зогсоодог, энэ бүхний ард амь насаа алдсан харамсалтай мэдээлэл залгадаг болохоор тэр юм. Одоогоос долоон жилийн өмнө шүү дээ. Сургууль дээрээ харагдсанаас өөрөөр сураггүй алга болсон наймхан настай охины хэрэг Замын-Үүдэд гарсан нь олныг сэрдхийлгэж байв. 

Ядаж л тэндэхийн хэд хэдэн байршилд, адаглаад сургуулийнх нь бүс орчимд хяналтын камер суурилсан бол охиныг олох найдварын үзүүрт гэрэл асч, бүр олдох байсныг ч үгүйсгэхгүй. Охин ч өнөөдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардаж, ахлах ангийнхаа босгыг давах байлаа. Гэвч тэгээгүй, тийм зүйл ч болоогүй. 2017 оноос охины араас явсан Монголын хуулийн байгууллага тэгсхийгээд мөрдлөгөө зогсоосон, эрлийн үйл ажиллагаа мухардсан түүхтэй. Нийгэм төдийгүй хүүхэд хамгааллын байгууллагад томоохон цочроо өгсөн эл үйл явдлын бараан сүүдэр арилаагүй байхад 12 настай хүүхэд алга болоод зогсохгүй амиа алдсан байдалтай олдсон жигшүүрт хэрэг гарсан нь оны өмнөхөн. 

Шуурганд төөрсөн малчин, гамшигт өртсөн иргэн, аврал эрсэн бяцхан зүрх бүхэн эрдэнэт хүний амь насаар хэмжигддэг ч бидний хийж чадах юм нь ердөө араас харуусаж, гашуудах. Хатуу ч гэсэн гашуун үнэн нь энэ. Угтаа бол аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын хүрээнд дэвшилтэд технологи ашиглахыг илүүд үзэх болсон цаг. Хэн нэгэн, ялангуяа бага насны хүүхэд алга болсон талаарх мэдээлэл ирсэн даруйд хэзээ, хаанаас гэдгийг цаг, минут, бүр секундын нарийвчлалтай тогтоосноор наанадаж аливаа эрсдэлд орохоос, цаанадаж амь насаа алдахаас бүрэн хамгаалж чаддаг учраас. 

Дэлхий улам хавтгайрч буй энэ үед Монгол Улс яагаад энэхүү технологийн хөгжлөөс хоцров? Гэдэг нь ганцхан шалтгаантай. Ерөөсөө л сансарын уудамд өөрийн гэсэн хиймэл дагуул байхгүйтэй холбоотой. Гагцхүү Ерөнхийлөгчийн Францад хийсэн анхны бөгөөд албан ёсны айлчлалын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нэгэн чухал санамж бичигт гарын үсэг зурсан нь үндэсний хиймэл дагуултай болох ажил. 

Үндсэндээ Францын “Талес Алейна Спейс” компанитай хамтарч хиймэл дагуул үйлдвэрлэж, ашиглах гэрээ боловсруулж, бэлтгэх тухай жил гаруйн өмнө байгуулсан санамж бичиг өдгөө ажил хэргийн шатандаа яваа юм. “Талес Алейна Спейс” нь Франц гэлтгүй дэлхийн хэмжээний томоохон үйлдвэрлэгч. Хоёр орны Ерөнхийлөгч нарын харилцан айлчлал, салбарын сайдын түвшинд санамж бичиг байгуулсан болохоор Монгол Улс үндэсний хиймэл дагуултай болох нь цаг хугацааны л асуудал гэсэн үг. Өөрийн гэсэн хиймэл дагуултай болсноор нэгдүгээр Монгол Улс харилцаа холбооны бие даасан байдлаа бататгана. Энгийнээр хэлэхэд тусгаар тогтнолоо сансарт дархалж буйтай агаар нэг. 

Хоёрдугаарт, үндэсний хиймэл дагуултай болох нь технологи талаасаа Монголын хувьд том үсрэлт. Өргөн уудам газар нутагт тархан суурьшдаг онцлогтой, нүүдлийн соёлтой бид орон зайн сайдгүйгээр өөр хоорондоо найдвартай холбогдоно. Өвөлжөө бүхэнд шилэн кабель хүргэж, уулын орой бүрд антенн босгохын хэрээр арчилж, тордох мэдээж боломжгүй. Гэхдээ ганцхан хиймэл дагуулын тусламжтайгаар үүнийг шийдэх боломжтой.

Гуравдугаарт, 100 хувь тоон технологид суурилсан “Чингис сат” хиймэл дагуулыг Монгол Улсад хуваарилагдсан 113.6°E тойрог замд хөөргөх боломж бүрдэнэ. Хамгийн гол нь иргэдээ болзошгүй гамшиг, эрсдлээс сэргийлэх, авран хамгаалах ажлыг хиймэл дагуулд суурилсан дэвшилтэд технологийн тусламжтайгаар бүрэн шийднэ. Нэг үгээр шуурганд уруудсан малынхаа араас явсан малчид төөрөхгүй, хүүхдүүд алга болохгүй. Алба хаагчдад мэдээлэл ирсэн даруйд цаг, минут, секундын нарийвчлалтай байршлыг нь тогтооно. Аливаа эрсдэл орох, амь насаа алдахаас урьдчилан сэргийлнэ. Айл бүхэн, аав, ээж болгон элэг бүтэн ямар нэгэн айдасгүй амьдрах боломж бий болно. Үүнд нь мэдээж 113.6°E тойрог замд хөөргөх “Чингис сат” үндэсний хиймэл дагуул тусална. Тэгэхээр үе үеийн Засгийн үед цухас дурдагддаг ч бодит ажил хэрэг болж чадахгүй явсан эл асуудлыг зоригтойгоор барьж аваад эхлүүлсэн нь салбарын яамны хувьд түүхэнд үлдэх үйл явдал юм.

Г.Эрхэс