Алганд багтсан ТӨР #4: Мартагдсан “галын хайч”

1992 оноос агентлагийн түвшинд явсан Холбооны яамыг 30 жилийн дараа буюу сэргээн байгуулсан нь 2022 он. Нэр нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам. Ерөнхий сайдын зүгээс ч “Цахим үндэстэн” болох том зорилт дэвшүүлснээ тунхаглаж, түүнийхээ хүрээнд Төрийн үйлчилгээг шат дараатай цахимжуулах ажлыг салбарын яамаараа дамжуулан хийж байна. Гагцхүү салбарын яамтай, бодлогын сайдтай болсноор өнгөрсөн хугацаанд ямар үр дүн гарав гэдэг нь иргэдэд чухал. Анхаарал хандуулах гол шалтгаан юм.

Ямартай ч цаасан хэрэглээгээ танахаас эхлүүлсэн Төрийн цахимжилт технологийн дэвшилд илүү ойртохын хэрээр тэнд байгаа хүнд суртлыг халж, түүгээр дамждаг авлига багасч, иргэдэд илүү хүртээмжтэй, нийгмийн, нийтийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн хэд хэдэн өөрчлөлтийг зоригтойгоор эхлүүлжээ. Тэдгээрээс онцлох ажлуудыг цувралаар хүргэе.


2022 дөрөвдүгээр сарын 4. Энэ бол “галын хайч”-ийг хэрэглээнээс халсан өдөр. Гэдэг нь нийслэл рүү орж, гарч буй тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авдаг уламжлалт харилцааг бүр мөсөн халсныг хэлээд байгаа юм. Товчоодоор нэвтрэх болгонд авто зам ашигласны хураамж болох 1000 төгрөгийг бэлнээр өгдөг, төлбөр хураагч ажилтан урт хайч сарвайдаг байсан нь саяхан. Тэрийг жолоочид егөөдсөн нь “галын хайч” гэх нэршил. Одоо ч нийтээрээ мартсан байх. Тэгэх нь ч аргагүй. Бүхэл бүтэн хоёр жил өнгөрч байна шүү дээ.

Технологийн хурдацтай эринийг тойроогүй дайрч яваа Монгол Улсын иргэд бүгдээрээ ухаалаг утас хэрэглэж, цаг, минут тутамд төлбөр тооцооны хэдэн мянган гүйлгээ түүгээр дамжуулан хийж байхад Төр нь өөрөө унхиагүй, урагшгүй байдалтай сууж болохгүй. Төсвийн болон Төрийн үйлчилгээний хүртээмжийг аль болох сайжруулах л ёстой. Үүнийх нь гол хэмжүүр цагийн хэмнэлт. Зөвхөн Налайх-Тэрэлжийн товчоогоор дамжин өнгөрсний төлбөрт 600 сая төгрөгийг хайч сунган хураадаг байсан тухай мөнгөн дүн бий. Хэчнээн машин нэвтрээд, хэдээс нь төлбөр, хураамжийг яс авч, хэдийг нь төлбөр хураагч өөрөө “цавчдаг” байсныг хэлж мэдэхгүй. 600 сая төгрөг гэдэг мэдээж бага мөнгө биш. Гол нь технологийн шийдэл байгаад товчоодоор орж, гарч байгаа автомашины тоог нэгд нэгэнгүй гаргадаг бол 600 сая байтугайг зам засварын төсөвт төвлөрүүлэх байсан нь мэдээж. 

Машин яваад байгаа нь үнэн мөртлөө мөнгө байхгүйгээс замаа засч чаддаггүй улс манайхаас өөр байдаг уу? гэхээр бас л үгүй. Хаа, хаанаа хэнэггүй, хариуцлагагүй, сэтгэлгүй хандаж ирсний л илрэл. Аялал жуулчлалдаа ач холбогдол өгч, аль болох үүд хаалгаа нээлттэй болгохоо зарлаж буй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос гарах товчоод нь тус бүр төлбөр хураагчтай, тэдгээр нь “галын хайч” гэсэн багажаар ажлаа хийх нь харахад, магадгүй сонсоход ч бүдүүлэг.

Энгийн хэрнээ нэн зайлшгүй хэрэгжүүлэх ёстой ийм нэгэн асуудлын хүрээнд технологийн шийдэл бүхий шинэ системийг Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх найман товчоонд суурилуулсан нь өнөөдөр хоёр дахь жилтэйгээ золгов. “Галын хайч”-аар аргацааж ирсэн уламжлалт харилцааг халснаар жолооч, төлбөр хураагч хоёр харилцахгүйгээр шууд нэвтрэх нь эл технологийн онцлог. Товчоодоор орж, гарахад ердөө гуравхан секунд шаардлагатай. Ингэснээр тээврийн хэрэгслийн нэвтрэх хугацааг 10 дахин багасгаж байгаа юм. Цаасан тасалбар ч хэрэггүй. Өмнө нь “галын хайч”-аас хамааралтай урт дараалал хэдэн арван минутаар нь уядаг байсан бол өнөөдөр тийм дүр зураг байхгүй гэсэн үг.

Хоёрдугаарт, ухаалаг технологи унтдаггүй. Хэчнээн тээврийн хэрэгсэл гарч, орно яг л түүгээр нь бүртгэж, төлбөрөө хураана. Төлбөр авах хугацаа 30 хувиар багасч, хэмжээ нь хоёр дахин өссөн нь үүнтэй холбоотой. Энгийн хэлэхэд Налайх-Тэрэлжийн замаас хуримтлуулдаг байсан 600 сая төгрөг өдгөө 1.2 тэрбум болтлоо өссөн хэрэг. Мэдээж энэ бол бодит тоо. Гар дээрх бэлэн мөнгө халаасанд үлдэж, хайрцагнаас хийсдэггүй болсны үр дүн. 

Гэхдээ “галын хайч”-ийг халж, товчоодыг шинэ систем суурилуулсан Төрийн цахимжуулалт хязгаарлагдах уу? гэвэл үгүй. Оношилгоо, даатгал, татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлж, зохих арга хэмжээ авах боломж бүрдсэнийг энд тодотгох нь зүйн хэрэг. Энэ нь цаашид хотын хөдөлгөөнд хууль зөрчсөн тээврийн хэрэгсэл оролцох боломжийг хязгаарлаж, хяналт зохицуулалтыг сайжруулна аа л гэсэн үг.

Г.Эрхэс