Л.Оюун-Эрдэнийн ОНЦГОЙ ГАВЬЯА!

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр нэгэнтээ хэлж байлаа. “Энэ индэр тэр суудлын хооронд зайгаар бол таван метр, өгсүүрээр бол таван шат байдаг юм билээ. Төрийн түшээ хүн тав алхаад хүрч болдог, таван том зорилтоор бодлогоо томъёолж болдог энэ өндөрлөг дээрээс би бүтээх, нэгдэх, хамтрахыг санаачилж байсан болохоос бус эвдрэлцэл, талцалын дэгээ цалам шидэж яваагүйгээ өнөөдөр ард түмэндээ ам бардам тайлагнах байна” гэж. Өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдын албан тушаалаас буух өргөдлөө хүргүүлснийг УИХ-аар хэлэлцэх үеэр чуулганы нэгдсэн хуралдааны индрээс түүний хэлсэн үг нь энэ. 

Тавантолгойн бүлэг ордыг Төрийн мэдэлд буцаан авч, Оюу Толгой төслийг эдийн засгийн эргэлтэд оруулсан нь С.Баярын гавьяа юу гэвэл тийм. Өөрийг нь залгамжилсан С.Батболдын үед Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч, хөрөнгө оруулагчид дугаарлаж явсан нь үүний илрэл. Гэвч Засгийн эрх нэгээс нөгөөд шилжсэн 2012-2016 онд ажилласан хоёр Ерөнхий сайдын үед эдгээр эерэг үзүүлэлт огцом уруудсаар модоо барихад хүргэж байв. Түүнээс хойш юу болсныг энд бичих нь илүүц. Харин С.Баярын хэлж байсанчлан тав алхаад хүрч болдог тэрхүү өндөрлөгт хүрсэн зургаа дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед юу болов гэдэг талаас нь харвал илүү сонирхолтой дүр зураг бууна. С.Баяраас хойш гэж тооцвол С.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх тэгээд Л.Оюун-Эрдэнэ. Яг зургаа дахь нь. Үүнийг зориуд онцолж, жишээд буй нь учиртай.

Үндсэндээ ардчилсан тогтолцоонд шилжсэн 1992 оноос хойших сонгуулийн үр дүнгээр бүрдсэн найман парламентын хамгийн сүүлчийнх нь буюу отгон Ерөнхий сайд нь Л.Оюун-Эрдэнэ болов. Мэдээж өмнөх 14 Ерөнхий сайдтайгаа адилхан, бас ялгаатай хэд хэдэн зүйл түүнд бий. Эхнийх нь тэр Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нарын адил үнэмлэхүй олонхиор засагласан эрх баригч намын дарга, Ерөнхий сайдын байр сууриас УИХ-ын сонгуульд оролцох нь. Адилхан тал нь энэ. Эсрэгээрээ Хөгжлийн банк, нүүрсний хулгай тэргүүтэй томоохон дуулиантай залгуулаад 126 гишүүнтэй анхны парламентын бүрэлдэхүүнийг сонгох анхны бөгөөд түүхэн хариуцлагатай сонгуулийн өмнө тулж ирлээ. Сонгуулийн систем нь намын жагсаалтаар 48, тойргоос 78 гишүүнийг сонгох буюу холимог. Үүнийгээ Үндсэн хуулиар дархалчихсан. 

Хөгжлийн банкийг тоносон асуудал ч, нүүрс тойрсон хулгай ч аль, аль нь Ерөнхий сайд, МАН-ын даргын хувиар улс төрийн манлайлал үзүүлж, гардан гүйцэтгэсэн хүн нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө. АН, МАН гэлтгүй хүний өөрийнгүй л нэр холбогдсон, зарим нь шүүхээр орж, хуулийн хариуцлага хүлээсэн. Улстөрч ялангуяа удирдагч хүн сонгуулийн өмнө намаа, гишүүдээ хаацайлж, хамгаалдаг нь улс төрд бичигдээгүй хууль мэт зүй тогтол ч түүнд тийм шалтгаан байсангүй. Үүгээрээ тэр олон дайсантай болсон, одоо ч тэдгээр нь хөндлөнгөөс боргосоор л явна. 

2012 онд анх удаагаа сонгуулийн холимог системийг нэвтрүүлэхэд намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын дарга, улс төрд олон жил чанагдсан зэрэг үзүүлэлт нь жагсаалтын эхний 10-т зоолттой нэрээ бичүүлэх гол шалгуур, “ногоон гэрэл”-ээр УИХ-ын гишүүн болж асан “дарга эго”-г тэрбээр мөн л халав. Эрдэмтэн, эдийн засагч, инженер мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөр эрэмбэ тогтоосон нь бүхэл бүтэн гомдогсдын армийг намд нь бий болгосон л байх. Гэхдээ үе үеийн Засгийн тэргүүн, намын дарга нараас Л.Оюун-Эрдэнийн ялгаатай тал нь энэ. Сонгуулиа бодсон ямар ч намын даргын толгойноос ийм “гэнэн” хэрнээ гэнэтийн шийдвэр лав гарахгүй ч тэр чадсан. Чадах чадахдаа 76 гишүүнтэй парламентыг өнгөрсөнд нь үлдээж чадлаа. 126 гишүүнтэй тэдгээрийн 48 жагсаалтаар, 78 нь тойргоос сонгогдоно гэдэг Ардчилсан Төрийг эмхэлсэн 32 жилийн түүхэнд гарч байгаагүй нэн шинэхэн тогтолцоо. Тэгэхдээ бүсчилсэн байдлаар буюу 13 тойргоос 78 гишүүнийг сонгох хуулийн заалттай. 

Төсөв хувааж, тойргоо усалж, бараг хэнийг ч оруулж, гаргадаггүй байдалтай өмчирхөж ирсэн жалганы улс төр энэ парламент, 76 гишүүний хамт өнгөрсөндөө үлдэж буй нь энэ юм. Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдэд хандан талархал илэрхийлэхдээ онцолсон байна лээ. “Хоёр том гүрний дунд оршдог парламентын ардчилсан засаглалтай Монгол Улсын хувьд илүү олон ургальч үзэлтэй, олон намын төлөөллөөр хангах нь бидэнд туйлын чухал” гэж. 

Дэлхийн улс төр, эдийн засгийн ашиг сонирхол, геополитикийн хуваарилалт өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед хууль тогтоох дээд байгууллага нь олон намын төлөөлөл бүхий олон ургальч байр суурь, олон талын мэтгэлцээнд үндэслэсэн бодлого шийдвэр гарч гэмээн ОХУ, БНХАУ гэсэн мөнхийн хоёр хөршөөсөө бид ардчилсан улс гэдгээрээ ялгарна. Томоохон төсөл хөтөлбөрөө хэн нэгнээс, бусдаас хараат бусаар хөдөлгөж, хэрэгжүүлэх гол хөшүүрэг болох учиртай.

“Би бүтээх, нэгдэх, хамтрахыг санаачилж байсан болохоос бус эвдрэлцэл, талцалын дэгээ цалам шидэж яваагүйгээ өнөөдөр ард түмэндээ ам бардам тайлагнах байна” гэж 25 дахь Ерөнхий сайд С.Баяр чуулганы индрээс хэлж байсан шиг парламентад суудалтай намын удирдлагуудтай харилцан ойлголцсоны үр дүнд тогтолцооны томоохон реформыг хийж, сууриар нь өөрчилж, шинэ эхлэлийг тавьсан нь Л.Оюун-Эрдэнийн авторлох гавьяа мөн үү, мөн. Бүр онцгой гавьяа нь. Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж чадсанаараа тэр яах аргагүй түүхэнд үлдэх нь. 

С.Сүлд