Асуудал МАК-даа ч байгаа юм биш ээ!

Асуудал ингэж эхэлдэг. 2014 оны долдугаар сарын 1-нд 54 дүгээр тогтоолыг УИХ-аар баталж байв. Агуулга нь Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай. Хаврын ээлжит чуулган хаалтаа хийсэн өдөр, Үндэсний их баяр наадам болохоос яг 10 хоногийн өмнө. Улс төрд тогтсон уламжлал ёсоор УИХ-аар хамгийн хуудуутай, хулгайн хуулийн төслийг хэлэлцэж, баталдаг цаг үе л дээ. Угаас Үндэсний их баяр наадам, эсвэл шинэ оны өмнөхөн хэн нэгний, хэсэг бүлгийн ашиг сонирхол шингээсэн хуулийг төслийг бөөнөөр нь өргөн барьдаг, сэм шургуулдаг, бүр баталсан тохиолдол олон. 

Хууль тогтоох үйл ажиллагаанд тавих иргэдийн анхаарал сулардаг, хэн нь ямар агуулга, ашиг сонирхол шингэсэн төсөл өргөн барьсныг, түүнийг хэлэлцэж буйг төдийлөн сөхөөрөх шаардлагагүй уур амьсгалд шилждэг цаг үе болохоор улстөрчдөд хамгийн ашигтай хувилбар нь наадам, шинэ жилийн баяр байдаг гэсэн үг. Энэ талаас нь харвал УИХ-ын 54 дүгээр тогтоол буюу Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай төслийг Үндэсний их баяр наадмын уур амьсгал орсон цаг үед хаврын ээлжит чуулганы хаалттай зэрэгцүүлж, хэлэлцэж, баталсан нь өнөөдөр ч зарим хардлагыг дагуулдаг.

Санаж байгаа бол Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газраас 2014 оны тавдугаар сарын 23-нд уг тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхдээ 34 хувийг Төр эзэмших тухай заалтыг тусгаж байв. Гэвч эл ордын 34 хувийг Төр эзэмшихийн тулд 300 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгаа нь эдийн засгийн хүндрэлтэй үед боломжгүй учраас яаран хэлэлцэх шаардлагагүй гэдгийг Байнгынх хорооны гишүүд хэлж асан нь одоо ч хуралдааны тэмдэглэлд бий. 

Сонирхолтой нь, яаран хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн төслийг сар хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын чуулганаар нэг өдрийн дотор хэлэлцэж, баталсан түүхтэй. Үүгээр Засгийн газраас оруулж ирсэн заалтыг тэр дор нь өөрчилж, тус ордод Төр 34 хувь эзэмших шаардлагагүй гэдэг агуулгаар УИХ-ын дарга З.Энхболд алх цохин хуульчилсан юм. 

Тэгэхэд АН-тай хамтарч Засгийн эрхийг барьж байсан “Шударга ёс” эвслийг төлөөлж УИХ-ын гишүүн Г.Уянга “Монголын төрийг басамжилсан өнгө аястай хачирхалтай төсөл оруулж ирсэн. Манай бүлгийнхэн энэ төслийг Ашигт малтмалын тухай хуулийг баталсны дараа бодлогын хувьд уялдуулан хэлэлцэх  нь зүйтэй гэж үзэж байр сууриа нэгтгэсэн. 

Н.Номтойбаяр аа, миний дүү Цагаан суваргын ордын баялгийг чи ганцаараа идээд барахгүй ээ, аавтайгаа идээд ч барахгүй. Энэ стратегийн ордоос монголчууд бүгдээрээ хувь хишиг хүртэх ёстой юм. Бид ард түмэндээ шударга хандах ёстой. Энэ бол стратегийн орд. Тиймээс маш сайн жишиг болох гэрээ байгуулбал дараагийн ордыг зөв ашиглахад тустай” хэмээн ганцаараа эсэргүүцэж байснаас өөрөөр зарчмын байр суурь илэрхийлэх УИХ-ын гишүүн гараагүй. Харин Г.Уянгын байр суурийг сонсож суусан Н.Номтойбаяр гишүүний эгдүүцэл дээд цэгтээ тулснаар чуулганы нэгдсэн хуралдааны танхимыг орхин гарч байсан нь бичлэгт үлджээ.

Үндэсний их баяр наадам ч болдгоороо болсон, үргэлжлүүлээд улс төрийн уур амьсгалд шуурга дэгдсэнээр Цагаан суваргын орд тойрсон хардлага тэгсхийгээд намжлаа. Гэдэг нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ-аас баривчилснаар АН дахь эрх мэдлийн хуваарилалтад албан ёсоор хагарал үүссэн юм. Энэ нь угжирч явсаар эцэстээ Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулсан нь 2014 оны арваннэгдүгээр сар. Үндсэндээ Ц.Элбэгдорж+Ч.Сайханбилэг, З.Энхболд+Х.Баттулга гэсэн хоёр фронтод хуваагдсан Ардчилсан Нам зөрчил дунд явсаар УИХ-ын ээлжит сонгуультай золгосныг одоо ч зарим нь мартаагүй байх. Гэхдээ энэ асуудлын гол биш. 

Харин Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд бий болсон “30 гэр бүл” гэх томъёоллын хүрээнд Цагаан суваргын ордыг Төрд буцаан авах тухай яриа гарахад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр МАК-аас хөрөнгө оруулсан 400 сая ам.доллар төлсөн тохиолдолд 34 хувийг Төр буцаан авах нь нээлттэй хэмээн эгдүүцэж байв. Эсрэгээрээ чуулганы индрээс эцсийн найруулгыг уншиж танилцуулаад алх цохиж хуульчилсан З.Энхболд “Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжийн хамгийн эхэнд байгаа улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордуудыг улсын мэдэлд буцаан авах гэдэг үгтэй тэр томъёололыг би маш сайн санаж байгаа юм. Буцаан авна гэдэг бол улсын мэдэлд байсан зүйлээ буцаан авна гэсэн үг. Тэрний дагуу авна. Луйврын замаар авсан 400 орчим ордын тухай яригдаж байгаа юм.

Түүнд элс хайрга түгээмэл тархацтай ордууд байна. Асгатын орд, Салхитын мөнгөний орд, Цагаан суваргын орд, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг хувьд ашиглуулдаг ордууд байгаа. Энэ болгон улсад очно. Луйврын замаар 1997 оны хуулийг ашиглаж авсан. 1997 оны хууль бол хоосон газар дээр хайгуул хийдэг зөвшөөрөл өгдөг болохоос юмтай газар дээр зөвшөөрөл өгөхгүй хууль байсан. Цагаан суваргын ордын жишээн дээр маш тодорхой ярихад бид Цагаан суваргын ордыг буцаан авахын тулд мөнгө төлөхгүй. Өнөөдрийн байдлаар 400 гаруй ордын алинд ч уурхай баригдаагүй байгаа. Улс өмчөө авна” хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хувиар мэдэгдэж байлаа.

УИХ-ын даргын хувиар Төр 34 хувь эзэмших шаардлагагүй гэж хуульчилсан атлаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын өнцгөөс “Улс өмчөө авна” гэж хэлсэн түүний байр суурийг улстөрчид “загасны ой санамж”-тай байдаг гэх үгээр зөвтгөж болох ч З.Энхболдын энэхүү мэдэгдэл улс төрийн түвшинд ямар том хэмжээний ашиг сонирхол, зөрчил, шахалт дунд явсаар 100 хувь МАК-ийн мэдэлд очсоныг илэрхийлэх бодит хариулт нь байв. Өөрөөр хэлбэл, Цагаан суваргын орд тойрсон асуудал МАК-даа ч байгаа юм биш ээ гэсэн үг. Харин УИХ, Засгийн газрын түвшин нөлөөлдөг, шийдвэр гаргуулдаг, ашиг сонирхлоо хамгаалуулдаг, тэдгээр улс төрийн өнгө аясаар илэрхийлэгддэг дүр зураг Цагаан суваргын ордоос байсхийгээд цухалдаг нь асуудлын гол зангилаа. Ингэж бичсэнээрээ МАК-ийг бүхэлд нь үгүйсгэж, тэдний хийсэн, хийж байгаа бүхнийг харлуулах гэсэнгүй ээ.

1993 онд үүсгэн байгуулсан цагаасаа өнөөдрийг хүртэл хугацаанд уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, үл хөдлөх, иргэний нисэхийн салбар тэргүүтэй үйлдвэрлэлийн салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгосон, үндэсний хөрөнгө оруулалттай компани гэдгийг хүн бүр мэднэ. 100 гаруй төсөл хөтөлбөрийг 4000 гаруй ажилтнаараа дамжуулан хэрэгжүүлж, улсын болон орон нутгийн төсөвт их наядаар хэмжигдэх татвар, хураамж төлж ирсэн нь ч цагаан дээр хараар бичээтэй тоо. Гэхдээ ямар шалтгаан, юунд үндэслэж Н.Алтанхуягийн Засгийн газраас оруулж ирсэн төслийн агуулгыг УИХ-аар хэлэлцэх явцдаа бүхэлд нь өөрчилж, Төр 34 хувийн эзэмшлээс татгалзав гэдэг нь өнөөдрийг хүртэл эргэлзээ, хардлагыг зэрэг төрүүлдэг асуудал.

Н.Номтойбаяр ч өөрөө хэлсэн байдаг юм, “Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Чингис бондын 1.5 тэрбумаас 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт гаргаад 34 хувийг нь авъя гэсэн. Гэтэл энэ саналыг тухайн үеийн Сангийн сайд болон бусад сайд нар нь бүгд эсэргүүцсэн” гэж. Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх явцад зарчмын зөрүүтэй санал тусгахаас эхлээд засч, сайжруулах шаардлага үүсдэг ч анхны хувилбараа эрс үгүйсгэсэн агуулгаар баталж байсан нь үгүй. Гэтэл Төр 34 хувиа үнэгүй эзэмшихээр оруулж ирээд сайн дураараа татгалзсан анхны бөгөөд сүүлчийн цорын ганц тогтоол нь Цагаан суваргын орд болчихоод байгаа хэрэг. Ийм нөхцөлд хэнд ч хардлага төрнө. 

Өөрөөр хэлбэл, 54 дүгээр тогтоолыг нэг өдрийн дотор бүхэлд нь өөрчилсний ард улс төр, бизнес талаасаа томоохон нөлөө орсон байх магадлал нь өндөр юм. Ганц Н.Номтойбаяр дангаараа нөлөөлж шийдүүлсэн гэвэл өрөөсгөл. Эртнээс тооцож, төлөвлөж, урьдчилан бэлдсэн сценарийн дагуу л явсан үйл явц гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Нэг ёсондоо Засгийн газраас боловсруулсан тогтоолын төслийг танхимынх нь сайд нараар өөрсдөөр нь эсрэг санал өгүүлснийг УИХ нь үг дуугүй хүлээж авахад хүргэсэн тэрхүү албан тушаалтан хэн бэ? гэдэг нь хамгийн сонирхолтой, анхаарал хандуулах гол сэдэл юм. 

Гэхдээ хууль бол хууль. Цагаан дээр хараар юу гэж бичсэн түүнийг нь дагаж мөрдөх, биелүүлэх нь Засгийн газар, УИХ төдийгүй хувийн хэвшилд ч хамаатай зүйл. Яг ийм агуулгаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсантай холбогдуулж, “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон нь энэ өдрүүдийн ярианы гол сэдэв болж эхэллээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий Цагаан суваргын ордын 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмших нь төслийн гол үндэслэл. 2014 онд Н.Алтанхуягийн танхимаас өргөн мэдүүлж байсантай агаар нэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тогтоолын төслийг баталснаар Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын 2014 оны долдугаар сарын 1-ний өдрийн 54 дүгээр тогтоол хүчингүй болох юм. Гагцхүү тэр үед Засгийн газар, УИХ-ын түвшинд лобби хийх хэмжээний нөлөөтэй явсан жинхэнэ “эзэн” ил гарч дуугарах уу? эсвэл бодит үнэнтэйгээ эвлэрээд явах уу? гэдэг нь сонирхолтой бөгөөд хүлээлт үүсгэх үндсэн шалтгаан!

Г.Эрхэс